Суудлын автомашин шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ

Суудлын автомашин шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын найм дугаар багийн нутаг “Ар хүүш” хэмээх газарт суудлын автомашин шатсанаас үүдэн хээрийн гал түймэр гарчээ. Уг байршил нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, Тахилгат тосгоноос баруун зүгт 12 км-т оршдог байна.

Түймрийн дуудлагыг /2026.04.20/-ны 15:12 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Гал унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Тахилгат тосгоны болон Мөрөн, Хэрлэн сумдын мэргэжлийн ангиуд, мөн орон нутгийн иргэд оролцож, нийт 123 хүн, найман мотоцикл, 24 автомашинтайгаар ажиллажээ. Галыг тухайн өдрийн 18:53 цагт цурамд оруулж, маргааш нь /2026.04.21/-ний 09:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 700 орчим га талбай түймэрт өртөж шатсан тухай мэдээлэв. Албаныхан иргэдийг хуурайшилт ихтэй энэ үед галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж байна.