Япон Улсын зүүн хойд эргийн Санрику орчимд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр /2026.04.20/ орон нутгийн цагаар 16:52 цагт болжээ. Голомт нь 19 км гүнд бүртгэгдсэн бөгөөд анх 7.4–7.5 магнитуд гэж тогтоогдсон ч 7.7 магнитуд байсан байна.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, ойрын өдрүүдэд хүчтэй дагавар хөдлөлт үргэлжлэх магадлалтай бөгөөд бүр илүү хүчтэй чичирхийлэл үүсэх эрсдэл байсаар байна. Газар хөдлөлтийн дараа Японы зүүн хойд бүсийн ихэнх хэсгийг хамарсан цунамигийн анхааруулга гаргаж, иргэдийг эрэг орчмоос яаралтай холдохыг зөвлөсөн. Одоогоор анхааруулгуудыг бууруулж зөвлөмжийн түвшинд хүргэсэн ч далайн эрэг болон усан сангуудаас хол байхыг сануулсаар байна. Анхны цунамигийн давалгаа Иватэ мужид хүрч, Мияко боомтод 40 см өндөр давалгаа бүртгэгдсэн байна. Урьдчилсан таамгаар Хоккайдо болон Иватэгийн Номхон далайн эрэгт гурван метр хүртэлх давалгаа үүсч болзошгүй гэж үзэж байв. Оршин суугчдын ярьснаар, газар хөдлөлтийн үеэр барилгууд савлаж, хүмүүсийн гар утсанд яаралтай дохиолол зэрэг дуугарсан байна. Нөхцөл байдлын улмаас зарим түргэн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон ч аажмаар сэргээж эхэлжээ. Мөн 100 орчим айл өрх цахилгаангүй болсон талаар албаныхан мэдээлсэн байна. Япон улс далайн эргийн бүсэд оршдог тул газар хөдлөлт байнга тохиолддог бөгөөд эрх баригчид иргэдийг сэрэмжтэй байж, албан ёсны мэдээллийг дагахыг уриалсаар байна.
Эх сурвалж: ВВС