АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай шинэ хэлэлцээрт хүрэх хүртэл Ираны боомтуудад тавьсан хориг, Ормузын хоолойн бүслэлтийг цуцлахгүй гэж мэдэгдлээ.
Тэрээр өөрийн Truth Social сүлжээнд бичихдээ, долоо хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн хориг арга хэмжээ “Ираныг ноцтойгоор сулруулж байна” хэмээн онцолж, АНУ мөргөлдөөнд “давуу байдалтай” байгааг дурдсан байна. Энэхүү мэдэгдэл нь маргааш /2026.04.22/ дуусах гэж буй АНУ, Ираны хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцооны үеэр гарч байгаа ч Пакистанд зохион байгуулах төлөвтэй энхийн хэлэлцээний хоёр дахь шат үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Хэлэлцээ болох магадлалтайтай холбогдуулан Пакистаны нийслэлд аюулгүй байдлыг чангатгаад байгаа аж. Гэвч АНУ-ын төлөөлөгчдийг ахлахаар төлөвлөж буй Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Вашингтоноос хараахан хөдөлөөгүй бол Иран оролцох эсэхээ албан ёсоор батлаагүй байна.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, хориг хэрэгжиж эхэлснээс хойш 27 хөлөг онгоцыг Ираны боомт руу буцах буюу чиглэлээ өөрчлөхөд хүргэсэн байна. Мөн АНУ ням гараг /2026.04.19/-т Ираны далбаатай ачааны хөлөг онгоцыг анх удаа саатуулсан бөгөөд үүнийг Тегеран “далайн дээрэм” хэмээн буруутгаж, гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж мэдэгдээд байна. Иран улс Ормузын хоолойг бараг хоёр сарын турш хааж, дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлсөн. Хоолойг өнгөрөгч бямба гараг /2026.04.18/-т түр хугацаанд нээсэн ч танкер зэрэг хөлөг онгоцнууд руу халдсан тухай мэдээлэл гарсны дараа дахин хаасан юм.
Д.Трамп Ираныг “гал нээх шийдвэр гаргасан” гэж буруутгаж, үүнийг гал зогсоох хэлэлцээрийг “бүрэн зөрчсөн үйлдэл” хэмээн тодорхойлсон байна. Харин Ираны тал АНУ боомтуудын бүслэлтээ зогсоох хүртэл хоолойг хаалттай хэвээр байлгана гэж мэдэгдсэн байна.
Хэдийгээр Тегеран хэлэлцээнд оролцох эсэхээ батлаагүй байгаа ч хоёр дахь шатны хэлэлцээ үргэлжлэх боломж бүрэн хаагдаагүй хэвээр байна. Энэ сарын эхээр болсон эхний шатны уулзалтын дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Иран АНУ-ын нөхцөлийг хүлээн зөвшөөрөх түвшинд хараахан хүрээгүй” гэж мэдэгдсэн бол Ираны Гадаад хэргийн яам Вашингтоныг “хэт шаардлага, хууль бус шаардлагаас татгалзах”-ыг уриалсан юм.
Одоогийн байдлаар АНУ-ын төлөөлөгчид ойрын хугацаанд Пакистанд очих төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа ч албан ёсны тов зарлагдаагүй байна. Харин Ираны Гадаад хэргийн яам “одоогоор оролцох төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч Исламабад хотод хэлэлцээ зохион байгуулах бэлтгэл ажил идэвхтэй үргэлжилж байгаа аж. Өмнөх уулзалт болсон Серена зочид буудлыг чөлөөлж, аюулгүй байдлыг өндөржүүлсэн бөгөөд Пакистаны тал хоёр улсыг хэлэлцээний ширээнд дахин суулгахын төлөө идэвхтэй ажиллаж буйгаа илэрхийлжээ. Тегеранд ажиллаж буй олон улсын сурвалжлагчийн хэлснээр, нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа ч дипломат сувгууд нээлттэй байгаа тул хэлэлцээ болох магадлал өндөр хэвээр байна.
Эх сурвалж: BBC