Персийн булангийн орнуудын экспорт дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаасантай холбоотой АНУ, Ираны асуудал улам хурцадмал байдалд орж байна. Тухайлбал Ираны арми тус хоолойг дахин хааж, ойртсон хөлөг онгоцыг дайсан гэж үзэн "бай" болгоно гэдгээ мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Ираны цахилгаан станц, бүх гүүрийг устгана" гэж мэдэгдээд байна.
Мөн өчигдөр ачаа тээврийн хоёр ч хөлөг онгоц руу Ираны тал гал нээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Тэгвэл Д.Трамп, "АНУ-ын хоригт орсон Ираны хөлөг онгоцыг саатуулсан" гэж мэдэгдлээ.
ВИДЕО:
Тэрээр, "Өнөөдөр Ираны далбаатай, TOUSKA нэртэй ачааны хөлөг /ойролцоогоор 900 фут урт, бараг нисэх онгоц тээгчтэй дүйцэх жинтэй/ манай тэнгисийн бүслэлтийн хяналтыг нэвтрэхийг оролдсон боловч тэдэнд сайн зүйл болсонгүй. АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдлагатай пуужинт сөнөөгч USS SPRUANCE Оманы буланд TOUSKA-г саатуулж, зогсохыг анхааруулсан.
Ираны багийнхан үүнийг үл тоомсорлосон тул манай тэнгисийн хөлөг онгоц тэдний хөдөлгүүрийн хэсэгт нүх гарган, шууд зогсоосон.
Одоогоор АНУ-ын тэнгисийн явган цэргүүд уг хөлгийг хяналтдаа авсан байна. TOUSKA нь өмнөх хууль бус үйл ажиллагааны улмаас АНУ-ын Сангийн яамны хоригт орсон байсан. Бид хөлгийг бүрэн хяналтдаа авч, дотор нь юу байгааг шалгаж байна. Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп" гэжээ.