Иран улс Ормузын хоолойг арилжааны хөлөг онгоцнуудад дахин хааж, уг бүсэд ойртсон аливаа хөлөг онгоцыг бай болгоно хэмээн анхааруулаад байна.
ВИДЕО:
Iran said it was tightening control over the Strait of Hormuz, warning mariners the route was again closed, as Trump cautioned Tehran against blackmailing the United States https://t.co/p3XNKcpqqh pic.twitter.com/Kn3p5TrCrZ
— Reuters (@Reuters) April 18, 2026
Ираны Исламын хувьсгалт харуулын корпус энэ шийдвэрийг АНУ-ын үргэлжлүүлж буй хориг арга хэмжээтэй холбон тайлбарласан бөгөөд энэ нь Ираны Гадаад хэргийн сайд "хоолойг түр хугацаанд нээсэн" гэж мэдэгдсэнээс ердөө нэг хоногийн дараа гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг усан замыг “шантаажлах” оролдлого хийж байна хэмээн буруутгаж, ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Иран өмнө нь уг хоолойг бараг хоёр сарын турш хааснаар дэлхийн эрчим хүчний үнэ өсөхөд нөлөөлсөн юм.
Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын Тэнгисийн цэргийн хүчин "Персийн булан болон Оманы тэнгис дэх аливаа хөлөг онгоц зангуугаа буулгах ёсгүй" хэмээн анхааруулж, Ормузын хоолойд ойртсон хөлөг онгоцыг "дайсантай хамтран ажиллаж байна" гэж үзэж, бай болгоно гэж мэдэгджээ. Баасан гараг /2026.04.17/-ийн оройноос хойш зарим хөлөг онгоц Ираны хяналт дор хоолойгоор нэвтэрсэн ч АНУ Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ цуцлах хүртэл хоолойг дахин хаана гэдгийг Тегеран онцолсон байна.
Харин АНУ-ын зүгээс Ираны боомтуудад тавьсан тэнгисийн цэргийн бүслэлт нь хоёр улсын хооронд энхийн хэлэлцээрт хүрэх хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдсэн бөгөөд одоогийн хоёр долоо хоногийн гал зогсоох хугацаа ирэх Лхагва гараг буюу энэ сарын 22-нд дуусахаар байгаа юм. АНУ дөрөвдүгээр сарын 13-наас хойш 23 хөлөг онгоцыг буцаасан гэж мэдээлжээ.
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл энэ үйлдлийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж үзэж, хоолойг нээлттэй байлгах боломжийг цуцалсан гэж мэдэгдсэн байна. Мөн АНУ-аас шинэ санал ирүүлсэн бөгөөд Тегеран одоогоор хэлэлцэж байгаа ч албан ёсны хариу өгөөгүй байна. Үүний зэрэгцээ бүс нутагт халдлагын хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны газрын мэдээлснээр, Ираны зэвсэгт хүчний хоёр завь Ормузын хоолойд байсан танкер руу гал нээсэн байна.
Мөн Оманы зүүн хойд эргийн ойролцоо нэг контейнер хөлөг “үл мэдэгдэх суманд” өртөж, зарим контейнер гэмтсэн бол дор хаяж хоёр худалдааны хөлөг онгоц хоолойг гатлах гэж байхдаа буудлагад өртсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Иймээс Энэтхэгийн Гадаад хэргийн яам Ираны элчин сайдыг дуудаж, Энэтхэгийн далбаатай хоёр хөлөг онгоц буудлагад өртсөнд “гүнээ санаа зовниж” байгаагаа илэрхийлсэн байна. Хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээллээс харахад зарим хөлөг түр хугацаанд хоолой нээлттэй байх үед хоолойгоор нэвтэрч чадсан бол зарим нь Ираны талаас зөвшөөрөл авсны дараа чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.
Ормузын хоолой нь Персийн буланг Арабын тэнгистэй холбодог бөгөөд дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн ойролцоогоор 20 хувь нь энэ замаар дамжин өнгөрдөг стратегийн чухал бүс юм. Сүүлийн мөргөлдөөний улмаас энэ чиглэлд зорчих хөлөг онгоцны тоо эрс буурч, газрын тосны үнэ 100 ам.доллараас даваад байна. Иран өмнө нь танкер болон бусад хөлөг онгоц руу халдана, мөн мина байрлуулж болзошгүй талаар анхааруулж байсан юм.
Эх сурвалж: BBC