Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын нүдний шил олны анхаарлыг татаж эхлээд байгаа юм. Гаднаас нь харахад энгийн харааны шил мэт харагдах уг хэрэгсэл үнэндээ технологийн дэвшлийг илтгэх ухаалаг төхөөрөмж байжээ.
Хамгийн сүүлийн үеийн Even Realities G1 загварын AI буюу хиймэл оюун ухаан бүхий тус ухаалаг шил нь илтгэл тавих эсвэл ярилцлага өгөх үедээ ярих ёстой гол санаа, текстүүдийг шууд шилний линз дээр шууд харуулдгаараа онцлог юм. Тодруулбал, энгийн шил мэт харагдах боловч зүүсэн хүн нь бүх мэдээллээ нүднийхээ өмнө бэлэн харж байдаг гэсэн үг. Сонирхолтой нь шилэнд харагдах текст, мэдээллийг хуруундаа зүүсэн жижиг ухаалаг бөгжөөрөө гүйлгэж удирддаг аж.

Түүнчлэн 15 гаруй орны хэлээр шууд орчуулга хийж, яриаг шууд текстээр харуулах, алхаж байх үед газрын зураг харуулах зэрэг асар олон функцийг энэ жижигхэн загварлаг хүрээнд багтаажээ. Бусад AR шилнүүдийг бодвол маш хөнгөн, өдөр тутам зүүхэд тохиромжтой "casual chic" загвартай нь энэ шилний гол давуу тал юм. Even Realities G1 ухаалаг шилний үндсэн үнэ олон улсын зах зээл дээр $599-оос $699 ам.долларын ханштай байна.