Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд БОУАӨЯ, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төсөл, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран Баруун Тооройн баян бүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.
Ингэхдээ 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүж, эд болон үсний дээжийг авч судалгаанд ашиглахаар бүрдүүлснийг БОУАӨЯ мэдээлэв. Энэ хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах боломжтой ажээ. Улаан номд орсон мазаалай нь монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл бөгөөд ерөнхий төрх нь ойн хүрэн баавгайтай адил ч биеэр бага. Биеийн дундаж жин 90-100 кг, урт нь 150 см орчим, өндөр нь 80-92 см. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засаж ичдэг. Монгол Улсад жил бүрийн 2-р сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгосон бөгөөд сүүлийн судалгаагаар манай оронд 50 орчим тоо толгой байгаа гэсэн судалгаа гаргаад байгаа. Говийн Их Дархан Газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн урд захын улсын хилээс 100 орчим км өргөн газрыг хамарч, Баянхонгор хотоос баруун урагш 500 км зайд оршино. Энэ нь Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уул, Номин, Цэнхэр зэрэг говь хөндийг багтаасан 45.149 ам км талбайтай нутаг юм.