Монголын сонгодог тайзны бүтээл “Mongol Khan” буюу Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг дэлхийн театрын ноён оргил Бродвайд тоглогдохоор болж, уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн тэргүүлэх продюсинг групп Nederlander Organization-ийн удирдлагууд Монголд айлчлахаар төлөвлөжээ.
Хоёр талын продюсерийн баг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью Йорк хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр Монголын театрын урлаг дэлхийн зах зээлд шинэ шатанд гарах боломж бүрдэж байна. 100 гаруй жилийн түүхтэй, “The Lion King”, “Hamilton”, “Wicked” зэрэг дэлхийн алдарт бүтээлүүдийг продюсерласан Nederlander Organization нь Бродвайн 41 театраас есийг эзэмшдэг, дэлхийн хэмжээнд 30 гаруй театртай томоохон групп юм. Тус компанийн ерөнхий захирал Боб Недерландер “Монгол хаан” жүжгийн Америк дахь ерөнхий продюсераар ажиллах бол ерөнхий менежерээр Диснейн хит бүтээлүүд дээр ажиллаж байсан Дон Франц томилогдохоор байна.
“Mongol Khan” жүжиг нь 2000 жилийн өмнөх Хүннүгийн үеийн түүхийг өгүүлж, Төв Азийн өв соёл, удирдагчдын манлайлал, эр зоригийг дэлхийн үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой. Уг бүтээл нь зөвхөн түүхэн өгүүлэмж төдийгүй Монголын соёлын өвийг орчин үеийн тайзны хэлээр дэлхийд таниулж буй бүтээл гэж үнэлэгдэж байна. Жүжиг 2023 онд Лондон хотын Колизеум театрт анхны олон улсын тоглолтоо хийж, нэг сарын хугацаанд 40 мянган үзэгчдэд хүрсэн бол 2024 онд Сингапур улсын Marina Bay Sands-д Азийн нээлтээ хийсэн. Мөн Япон улсад аялан тоглолтоо амжилттай зохион байгуулж, энэ онд Mariinsky Theatre-ийн тайзнаа тоглогдохоор товлогдоод байна. Nederlander Organization-ийн удирдлагууд энэ оны долдугаар сард Үндэсний их баяр наадмын үеэр Монголд ирж, жүжгийг үзэн, Broadway-д тоглуулах бэлтгэл ажлаа эхлүүлэх аж. Харин АНУ дахь албан ёсны тоглолтын хуваарь 2027 оны эхний улиралд зарлагдах юм.