Хэдхэн хоногийн өмнө иргэнээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажил хийгдэж улмаар Нарны хорооллын ойролцоо барилга угсралтын ажил хийж байсан “Лонсин Монголиа ХХК” нь барилгын талбайн техникийн бохирдолтой, тос маслотай хөрсний усаа Дунд гол руу шавхан зайлуулж байсан зөрчил илрүүлсэн. Лонсин Монголиа ХХК нь хятад эзэмшигчтэй, Монгол Улсад барилга угсралтын ажил эрхэлдэг бөгөөд тэдний гаргасан энэ төрлийн зөрчил анхных биш аж. Өөрөөр хэлбэл уг компани нь 2022 онд ч Дунд голын эрэг дагуу барилга угсралтын ажил хийж байхдаа ч мөн барилгын талбайн техникийн бохирдолтой усаа Дунд гол руу цутгасан зөрчил үйлдэж байжээ. Харин тухайн үед тус компанид дорвитой арга хэмжээ аваагүй байна.
ВИДЕО:
-СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ИЙМ ТӨРЛИЙН 12 УДААГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН-
Бид Лонсин Монголиа ХХК-ий энэ удаад гаргасан зөрчилд ямар арга хэмжээ авсан талаар тус зөрчилд хяналт шалгалт хийж, хариуцан ажиллаж байгаа НОБГ-ын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Ц.Дагиймаагаас тодруулсан юм. Тэрбээр “Иргэнээс ирсэн гомдлын дагуу бид тухайн газарт очиж хяналт шалгалтын ажил хийхэд техникийн бохирдолтой усаа Дунд гол руу цутгаж байсан зөрчил үйлдэж байсан нь тогтоогдсон. Улмаар Туул голын сав газрын захиргаанаас тухайн газраас усны шинжилгээ авч, бохирдлын түшинг тогтоохоор ажиллаж байна. Лонсин Монголиа ХХК нь ус бохирдуулсан бөгөөд барилгын талбайн техникийн бохирдолтой усаа шавхан зайлуулахдаа зохих зөвшөөрөл аваагүй гэх хоёр зөрчил үйлдсэн. Бид одоогоор шинжээч томилоод ус бохирдуулсан хохирлын хэмжээ болон барилгын суурийн уснаас хөрсний усыг шавхан зайлуулахдаа зөвшөөрөлгүй байсны хохирлыгтодорхойлуулахаар ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлтэд үндэслээд бид торгууль болон нөхөн төлбөрийг барагдуулна. Одоогоор тус компаний ус шавхагч төхөөрөмж, зөрчил үйлдэхдээ ашиглаж байсан зүйлсийг бүрэн хурааж авсан байгаа”
Ер нь зөвшөөрөлгүй барилгын суурийн усаа гол руу шавхаж, ус бохирдуулах зөрчил хэр гардаг вэ? Мөн үүн дээр ямар арга хэмжээ авч ажилсан бэ?
Сүүлийн хоёр жилийн хугацаанд ийм төрлийн 12 удаагийн зөрчил илэрсэн. Тухайн үед бид зохих торгуулийг оногдуулж, арга хэмжээ авч ажилсан байгаа” гэсэн юм.

-МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН 62% НЬ УСНЫ ГАЧИГДАЛТАЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙНА-
Нэг хүнд ногдох цэвэр усны жилийн хэрэглээ 1000 шоо метрээс доош бол тухайн улс усны ноцтой хомсдолд орсон гэж үздэг бөгөөд 500 шоо метрээс бага бол амьдрах нөхцөл эрс хүндрэх түвшинд хүрдэг. Энэ үзүүлэлтээс харахад Монгол Улсын хүн амын 62% нь усны гачигдалтай бүсэд амьдарч байгаа нь анхаарал татахуйц асуудал юм. Цэвэр усны хомсдол нь зөвхөн хүрэлцээний асуудал биш, мөн усны бохирдолтой шууд холбоотой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр бохир ус хэрэглэснээс үүдэн жил бүр сая сая хүн суулгалт, гэдэсний халдварт өвчнөөр өвчилж, олон мянган хүн амь насаа алдаж байна. Мөн хүнд металл (хар тугалга, мөнгөн ус, тос масло гэх мэт) болон химийн бодисоор бохирдсон ус нь бөөр, элэг, мэдрэлийн тогтолцоонд ноцтой гэмтэл учруулдаг байна. Гэтэл Зарим ААН-үүд удаа дараа байгаль орчин болон, нийслэлчүүдийн эрүүл мэндэд хохирол учруулах зөрчил гаргаж байгаа нь бидний шийдвэрлэх хамгийн эхний асуудлын нэг болоод байна.