Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлага хангасан нэгдсэн бүсэд төвлөрүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ. Энэхүү ажлын хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк-т үйлдвэрүүдийг нэгтгэн байршуулахаар бэлтгэл хангаж байна.
Тус парк нь нийслэлийн төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо-ны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойн 539 га талбайд байгуулагдах юм. Одоогоор дэд бүтцийн чухал хэсэг болох 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг энэ сарын дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу дулааны цахилгаан станц жилд 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 665 мянган тонн ус ашиглах юм. Харин цэвэрлэх байгууламж нь хоногт 6700 шоо метр бохир ус цэвэрлэх бөгөөд цаашид 20 мянган шоо метр хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөгдсөн байна. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Үүнд мах, дайвар бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд, хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв зэрэг үндсэн долоон болон дэд 11 бүс багтах аж. Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрмэл бүтээгдэхүүн, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5600 ажлын байр шинээр бий болж, улсын төсөвт жил бүр 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Мөн хөрөнгө оруулалтын зардлыг 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр төлөвлөжээ.