Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зүүн хойно Ногоон нуур орчимд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр ажиллалаа.

Тус байршилд 5.5 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай барих юм. Энэ хүрээнд нийт 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх ажлын явц 84.7 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ногоон нуурт баригдах цэцэрлэгт хүрээлэн 133 автомашины зогсоолтой, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, явган болон дугуйн замтай байна. Мөн ногоон нуурын байгалийнх нь тогтцыг эвдэхгүйгээр хиймэл нуур үүсгэн тохижуулна. Тохижилтын ажилд ХААН банктай хамтран ажиллахаар хэлэлцэж байна. Нийслэлээс нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хэд хэдэн байршилд газар чөлөөлнө. Тухайлбал, Баянгол дүүргийн хойд энгэр буюу СОТ-ын ногоон байрны ард 10 га газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хотод хүн амын нягтаршил ихтэй газарт дахин орон сууцны барилга бариулахгүй. Хотын төвд дахиж барилга, газрын “А” зөвшөөрөл олгохгүй. Харин орон сууцны бодлогыг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлж, барилгын ажилд дотоодын аж ахуйн нэгжээ оролцуулдаг байхаар дэмжинэ. Иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүндээ ээлтэй хотыг төлөвлөх нь зүйтэй” гэлээ.