Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Шувуут” гэх газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 04 дүгээр сарын 4-ний өдрийн 11:15 цагт бүртгэгджээ. Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км зайд байрладаг байна.
Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дүгээр анги болон сумын мэргэжлийн ангийн нийт 64 алба хаагч, 10 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж эхэлсэн. Аврагчид түймрийн баруун болон зүүн жигүүрт унтраах ажиллагаа явуулсны үр дүнд 04 дүгээр сарын 6-ны өдрийн 00:50 цагт галын тархалтыг зогсоож, цурманд оруулжээ. Одоогоор бүрэн унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.