Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнг огцруулах санал өргөн барилаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнг огцруулах санал өргөн барилаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс дүүргийн Засаг дарга Б.Цэрэнг огцруулах саналыг албан ёсоор өргөн барьжээ.

Тус бүлгийн зүгээс Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хяналт, хэрэгжилт хангалтгүй байгаа нь төрийн удирдлага, зохион байгуулалт сул байгааг илтгэж байна гэж үзжээ.  Туул гол нь нийслэл, тэр дундаа Хан-Уул дүүргийн иргэдийн ундны усны гол эх үүсвэр тул хамгаалалтын асуудал нь зөвхөн байгаль орчны хүрээнд бус, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой чухал асуудал аж. Мөн төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд дараах зөрчил, доголдол илэрсэн гэж мэдэгдэлд дурджээ. Үүнд:

  • нийтийн эрх ашиг, хууль дээдлэх зарчим алдагдсан,
  • ил тод байдал, хариуцлагын тогтолцоо сул,
  • төрийн албаны ёс зүй зөрчигдсөн,
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах үүргээ биелүүлээгүй,
  • газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаагүй зэрэг асуудлыг нэрлэсэн байна.

Эдгээр нөхцөл байдал нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, төрд итгэх итгэлийг сулруулах эрсдэл үүсгэж байгаа тул асуудлыг хэлэлцэж, Засаг даргыг огцруулах эсэхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн уг мэдэгдэлд “Энэ бол ганц хүний асуудал биш, харин хууль хэрэгжих эсэх, иргэдийн эрх хамгаалагдах эсэх, төрд итгэх итгэл хадгалагдах эсэхийн асуудал” хэмээн онцолсон байна.