"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймаг 2022 онд 755,099, 2023 онд 710,065, 2024 онд 466,379, 2025 онд 618,411 нийт 2.5 сая мод тарьсан бөгөөд энэ нь тус аймгийн нэг иргэнд дунджаар 41 мод ногдож буй үзүүлэлт болжээ.
Аймгийн хэмжээнд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийт 20 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна. Мөн орон нутгийн түвшинд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ой хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.
Тухайлбал, Булган сумын Майдарын голын хөвөөнд төр, төсвийн 28 байгууллага хамтран 5585 мод тарьсан бол Хангал сумын Хялганат тосгонд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн төв болон Онцгой байдлын байгууллагын 123 дугаар анги идэвхтэй ажиллаж байна. Харин Гурванбулаг суманд мод тарих ажлыг дэмжих, услалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр 30 сая төгрөгийн төсөв бүхий усалгааны системийг суурилуулжээ. Булган аймаг нь 48.7 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 61,552 хүн амтай бөгөөд 1.9 сая гаруй га ойн сантай, байгалийн нөөцөөр баялаг бүс нутаг юм. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар ой мод нь усны нөөц бүрдүүлэх, цэвэр агаар бий болгох, хүн амьтны амьдрах орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах чухал экосистем бөгөөд нөхөн сэргээгдэх үнэт баялагт тооцогддог байна.