2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 17:30 цагийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хоёр байршилд ойн түймрийн дуудлага бүртгэгдэж, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Богдхан уулын бүсэд 16:06 цагт ойн түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон орчны бүсийн иргэд, аялагчид хамтран түймрийг унтраахаар ажиллаж, одоогоор хяналтад авах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манзушир хийд” орчимд 16:57 цагт дахин ойн түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд холбогдох алба хаагчид газар дээр нь ажиллаж, түймрийг унтраахаар шуурхай арга хэмжээ авч байна. Хаврын хуурайшилтын улирал эхэлж буйтай холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд, аялагчид ил гал түлэхгүй байх, тамхи, шүдэнзийг ил задгай хаяхгүй байх, галын аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.