Өмнөговь аймагт салсан нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан гэх хэрэгт цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, уг дуудлага мэдээлэл 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд холбогдох шалгалт үргэлжилж байгаа аж. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бүрийг цагдаагийн байгууллагын бүртгэлд иргэний регистрийн дугаар, утасны дугаар, оршин суугаа хаяг байршлаар нь бүртгэж, зөрчлийн давтамжийг хянадаг байна. Иймд хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжгүйг анхааруулжээ.
Мөн иргэдийг аливаа гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэхийг уриалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагын 107 тусгай дугаарын утсаар холбогдон эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтойг санууллаа.