“Нэг сургууль-Арван клуб" хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих үйл ажиллагааны нээлт боллоо

“Нэг сургууль-Арван клуб" хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих үйл ажиллагааны нээлт боллоо

Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн илрүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хөгжих боломжийг тэгш хүртээмжтэй болгох зорилготой “Нэг сургууль–10 клуб” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Энхтуяа болон 16 сургуулийн 72 клубийн төлөөлөл бүхий нийт 90 гаруй багш, сурагчид танхимаар болон цахимаар оролцож, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжих үйл ажиллагааны эхлэлийг тавьсан юм. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун нар үг хэлж, клубыг удирдан явуулж буй багш нарыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн цаашид үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан шаардлагатай, идэвхтэй клубуудыг нэмэгдүүлэн хөгжүүлэхээр ажиллах бөгөөд хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд клуб, дугуйлангийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлов.

Үйл ажиллагааны хүрээнд Боловсролын газрын хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах боловсрол хариуцсан ахлах аргазүйч Б.Цэцэг “Нэг сургууль – 10 клуб” хөтөлбөрийн зорилго, чиглэл, хэрэгжилтийн талаарх танилцуулга хийж, “Эрдмийн далай” сургуулийн “Эелдэг харилцаа 88” клуб, “Цэгцбилиг" сургуулийн “Tsegts speaking” клубын үйл ажиллагааны танилцуулга, аймгийн Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулгыг холбогдох клубын гишүүд танилцуулж, урлаг, уран бүтээлийн үзүүлбэрүүдийг толилуулав. Мөн сургуулиудын клуб, дугуйлангийн сурагчдын үзэсгэлэнг танилцуулсан юм. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд бүрийг хөгжих, оролцох боломжийг нэмэгдүүлэх, тэдний сонирхол, авьяасыг дэмжих чухал алхам болж байгааг оролцогчид онцолж байлаа.