НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалагын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө

НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалагын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө

Барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, галын эрсдэлийг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо. Тус ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга А.Баяр ахалж байгаа бөгөөд хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Барилгын хөгжлийн төв болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн оролцож барилгын материалын аюулгүй байдал, тэр дундаа дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд ашиглалтад орсон 1951 барилгын 68 хувь нь хөөсөн полистрол (хөөсөнцөр), 32 хувь нь эрдэс хөвөн дулаалга ашигласан байна. Харин сүүлийн гурван жилд барилгын гадна фасадаас үүдэлтэй галын 30 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь шатамхай ангиллын Ш3, Ш4 материал хэрэглэснээс үүдэлтэй байжээ. Иймд шатамхай ангиллын материалыг бууруулж, Ш1, Ш2 ангиллын аюул багатай материал руу шилжих, чулуун хөвөн зэрэг шатдаггүй материалын хэрэглээг нэмэгдүүлэх, барилгын давхарын онцлогоос хамаарч дулаалгын материалын ангиллыг ялган хэрэглэх саналуудыг хэлэлцсэн байна. Хяналт шалгалтын байгууллагуудаас барилгын дулаалгын материалтай холбоотой хууль, норм, стандартууд байгаа ч хэрэгжилт, зохицуулалт тодорхой бус байгааг онцолсон. Мөн зураг төслийн дагуу хийгдэхгүй, стандарт зөрчигдөх нь чанарын асуудал үүсгэж байгааг дурдлаа. Одоогийн байдлаар дулаан тусгаарлах материалын 48 үйлдвэр ажиллаж байгаагаас 87 хувь нь хөөсөн полистрол, 13 хувь нь эрдэс хөвөн үйлдвэрлэж байна. Шатдаггүй материалын хэрэглээг нэмэгдүүлэх тохиолдолд дотоодын нийлүүлэлт хүрэлцэхгүй болж, барилгын өртөг өсөх, орон сууцны үнэ нэмэгдэх эрсдэлтэйг үйлдвэрлэгчид илэрхийллээ. НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих тэнцвэртэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, ОБЕГ-аас гаргасан саналуудыг нарийвчлан судлах, богино болон дунд хугацааны бодлого боловсруулах, мөрдөгдөж буй норм стандартыг шинэчлэх, мөн өөрчлөлтүүд барилгын үнэд хэрхэн нөлөөлөх судалгаа хийх чиглэлийг ажлын хэсэгт өглөө. Дээрх асуудлуудыг дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо.