Ойрын өдрүүдэд уулархаг нутгаараа хур тунадас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, энэ сарын 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи энэ сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 31-нд нутгийн зүүн хагаст, 4-р сарын 1, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.