Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн гадаа Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2026.03.27/ “Чимээтэй хашхираан” суулт хийж байна.
Эцэг эхчүүдийн төлөөлөл сургуулийн барилгад засвар хийж суралцах орчин сайжирсан ч багш нарын заах арга барил муу, сургуулийн удирдлага, сургалтын аргазүйч нь мэргэжлийн бус байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гуравдугаар ангийн хүүхэд үсэг мэдэх ч уншиж, бичиж чадахгүй, долоодугаар ангийн хүүхэд хуваах үйлдэл мэдэхгүй байгааг хэлсэн юм. Энэ мэтээр тус сургуулийн сурагчид боловсролын системийн золиос болж байгааг төр анхааралдаа авч, сурагчдын эрхийг хамгаалах ёстойг сануулав. Тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр мэргэшсэн буюу сурдопедагог багшийн орон тоог нэмэгдүүлэх, Боловсролын тухай хуульд тусгасан ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагатай болох зэргийг шаардлагуудыг тавьж байна.
Өмнө нь 2017 оны гуравдугаар сарын 27-ны энэ өдөр тус сургуулийн төгсөх ангийн 10 гаруй сурагч "Чимээгүй хашхираан" нэртэй хичээл хаялт зарлаж байсан юм. Үүнээс хойш есөн жил өнгөрсөн ч сургалтын чанар, үйл ажиллагаанд өөрчлөлт гараагүй тул сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрийн төлөөлөл ийнхүү суулт зарлах болжээ.