“Тэнгэр” телевизийн мэдээний хөтөлбөр болон юүтүбэр “Грэмикс”-ийн дүрсийг ашиглан залилах гэмт хэрэг үйлджээ

“Тэнгэр” телевизийн мэдээний хөтөлбөр болон юүтүбэр “Грэмикс”-ийн дүрсийг ашиглан залилах гэмт хэрэг үйлджээ

Сүүлийн үед сошиал орчинд “хялбар аргаар мөнгө олох боломж” амласан бичлэгүүд олширч, иргэдийг төөрөгдүүлэх явдал нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь “ТэнГэр” телевизийн мэдээний хөтөлбөрийн дүрсийг ашиглаж, YouTuber “Gremix”-ийн нэрийг барин мөнгө олсон агуулага бүхий хуурамч бичлэг түгээжээ.

Тус бичлэгт “Гремиксийн бүтээсэн апп ашиглан Налайх дүүргийн  иргэн 255 сая төгрөг хожсон”, “15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн”, “яг одоо тоглоод 1.5 сая төгрөг аваарай” гэх мэт агуулгыг дурдсан байна. Гэвч уг мэдээлэл нь худал, зохиомол болох нь баримт шалгалтаар тогтоогджээ.

Баримт шалгалтын үр дүн энэхүү бичлэгийг нийтэлсэн KINGS Family нэртэй Facebook хуудас нь:

  • 2016 онд нээгдсэн ч ердөө 3,500 орчим дагагчтай
  • Ил тод мэдээлэл (танилцуулга, холбоо барих утас гэх мэт) байхгүй
  • АНУ, Сингапур, Их Британиас удирддаг 4 админтай
  • Нээлттэй контент маш цөөн гэх зэрэг шинж нь хуурамч, зохион байгуулалттай хаяг гэдгийг илтгэж байна. Мөн уг хуудаснаас 16 бичлэгийг төлбөртэй сурталчилгаагаар түгээж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь мэдээллийн хөтөлбөрийн хэлбэр ашиглан мөрийтэй тоглоом сурталчилсан, зарим нь гадаад хэл дээрх ижил агуулгатай бичлэгүүд байна.

Хиймэл оюунаар бүтээсэн шинж тэмдгийг нь нарийвчлан ажиглахад:

  • Дүрс сарниж, бодит бус “хэт төгс” харагдах
  • Барилга, гудамжны байршил зөрөх
  • Хаяг, бичиглэл гадаад хэл дээр байх
  • Олон эх сурвалжийн дүрсийг эвлүүлсэн байх зэрэг шинжүүдтийг агуусан байгаа юм.

Тиймээс сошиалд тааралдсан мэдээлэлд шууд итгэхгүй байх,  эх сурвалж, пэйжийн ил тод байдлыг шалгах , сэжигтэй линк, апп татахгүй байх, хэт өндөр ашиг амласан мэдээллээс болгоомжлох мөн ийм төрлийн контент нь санхүүгийн эрсдэлд оруулах өндөр магадлалтай тул мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг анхааруулж байна.




Хамтран ажиллах санал

59 минутын өмнө