Казахстаны иргэн болсон жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр хандаагүй бол Саид Моллай 2023 онд Монгол Улсын иргэншлээсээ татгалзжээ

Казахстаны иргэн болсон жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр хандаагүй бол Саид Моллай 2023 онд Монгол Улсын иргэншлээсээ татгалзжээ

Гадаад улсын иргэн болсон зарим нэр бүхий иргэд иргэншлээ солихоор манай улсын холбогдох байгууллагуудад хандсан ч хүлээж авахгүй байгаа талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд цацагдаад байгаа. 

Тухайлбал, Германд улсын иргэншил авч, "Бээжин-2008" олимпод тус улсын нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртэж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, Казахстаны иргэн болж,  "Рио 2016" олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан жүдоч Г.Отгонцэцэг нар Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр Гадаадын иргэн, харьяатын газарт хандсан боловч тус газраас тэдний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэх мэдээлэл гараад буй. Үүнтэй холбоотойгоор бид Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Германы иргэншлээс гарсан талаарх баримт бичгээ ирүүлээгүй атлаа Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр хандаж байсныг мэдээлсэн. 

Тэгвэл Казахстаны иргэн болсон жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр хандсан уу, түүний хүсэлтийг хүлээн авахгүй байгаа юу зэрэг мэдээллийг сонирхлоо. Жүдоч Г.Отгонцэцэгийн хувьд Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр холбогдох байгууллагуудад өнөөдрийг хүртэл хандаагүй, цахим сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин түүнийг иргэншлээ сэргээлгэхээр хандсан талаарх мэдээлэл үе, үе гардаг ч Г.Отгонцэцэг нь өнөөдрийг хүртэл албан ёсоор хүсэлтээ гараагүй аж. 

Харин Монгол Улсын иргэншилтэй болж, "Токио-2020" зуны олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртэж байсан  Саид Моллай 2023 онд Монгол Улсын иргэншлээсээ татгалзаж, Азербайжан улсын иргэн болж байжээ.