Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурамд оруулсан бол Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурамд оруулсан бол Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Хөвсгөл болон Сүхбаатар аймагт энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн гал түймрийг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтран унтраахаар ажиллаж байна. Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурамд оруулсан бол Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан байна.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 19:00 цагт ойн гал түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км зайд оршдог аж. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын мэргэжлийн ангийнхан болон Зуны гол багийн Засаг даргаар ахлуулсан Их-Уул сумын нийт 58 хүн, дөрвөн автомашинтайгаар унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар гал түймрийг гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулж, цурмыг манан ажилласан байна. Урьдчилсан байдлаар уг түймэрт 9 га талбай шатсан талаар мэдээлжээ.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 11:20 цагт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага ирсэн байна. Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс баруун зүгт 50 км зайд байрладаг аж. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид болон сумын мэргэжлийн ангийн нийт 70 хүн, 24 автомашинтайгаар гал түймрийг унтраах ажиллагаанд оролцжээ. Хээрийн гал түймрийг мөн өдрийн 16:39 цагт цурманд оруулж, гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:40 цагт бүрэн унтраасан байна.