“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн амжилт тогтоолоо

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн амжилт тогтоолоо

“Sony Pictures Entertainment”-ийн бүтээл болох “Spider-Man: Brand New Day” киноны трейлер цацагдсанаас хойш ердөө дөрөвхөн хоногийн дотор 1 тэрбум гаруй үзэлт авч, кино салбарт шинэ дээд амжилт тогтоолоо.

Том Холланд гол дүрийг бүтээсэн уг бүтээлийн трейлерийг “WaveMetrix” платформын мэдээллээр одоогийн байдлаар 1.1 тэрбум хүн үзсэн нь бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй трейлер болж байна. Трейлер анх цацагдсанаас хойш эхний 24 цагийн дотор 718.6 сая үзэлт авч, зөвхөн кино төдийгүй видео тоглоомын трейлерүүдийн түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлжээ. Мөн эхний 8 цагт 373 сая үзэлтэд хүрсэн нь аль хэдийн киноны түүхэнд бичигдэхүйц үзүүлэлт болсон гэж судлаачид үзэж байна. Өмнөх дээд амжилтыг “Deadpool & Wolverine” киноны трейлер эзэмшиж байсан бөгөөд 2024 онд “Super Bowl”-ын үеэр цацагдсанаас хойш 24 цагийн дотор 365 сая үзэлт авч байв. Харин видео тоглоомын трейлерийн ангилалд “Grand Theft Auto VI”-ийн 475 сая үзэлтийн рекордыг мөн эвдсэн байна. Үүнээс өмнө “Spider-Man: No Way Home” кино 24 цагийн дотор 355.5 сая үзэлт авч дээд амжилт тогтоож байсан бөгөөд уг бүтээл дэлхийн хэмжээнд 1.9 тэрбум ам.долларын орлого олж байжээ.

“Brand New Day” кинонд Том Холланд “No Way Home”-оос хойш анх удаа дахин Хүн-аалзын дүрд эргэн ирж байгаа бөгөөд түүнтэй хамт Зендаяа, Сэди Синк, Жейкоб Баталон, Жон Бернтал, Трамелл Тиллман, Майкл Мандо, Марк Руффало нар тогложээ. Найруулагчаар Дестин Дэниел Креттон ажилласан байна. Тус кино 2026 оны долдугаар сарын 31-нээс эхлэн дэлхийн кино театруудад нээлтээ хийхээр товлогджээ.