Улаанбаатар хотын агаар дахь  PM2.5 тоосонцор 30 хувиар буурчээ

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцор 30 хувиар буурчээ

Дэлхийн агаарын чанарын судалгаагаар тэргүүлэгч IQAir байгууллагын 2025 оны шинэ тайланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж өмнөх оноос 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

2025 онд дэлхийн хэмжээнд агаарын чанар доройтож, олон хот ДЭМБ-ын зөвлөмжөөс доогуур түвшинд үнэлэгджээ. Үүнд ой, хээрийн түймэр, шатах түлш, хөдөө аж ахуйн салбарын ялгаруулалт голлон нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Судалгаанд хамрагдсан 143 улсын 9446 хотоос ердөө 14 хувь нь  стандарт хангасан нь 2024 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Агаарын бохирдол нь хүний оюуны чадамж, хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлдэг болохыг тус байгууллагын гүйцэтгэх захирал Франк Хаммес онцолсон байна. Хамгийн их бохирдолтой хотуудын дийлэнх нь Энэтхэг, Пакистан, БНХАУ-д байршиж байгаа бол жилийн дундаж PM2.5 үзүүлэлтээр Пакистан, Бангладеш улсууд тэргүүлжээ. Харин Францын Полинези, Пуэрто Рико зэрэг бүс нутгууд хамгийн цэвэр агаартайд тооцогдсон байна. Улаанбаатар хотын хувьд 9400 гаруй хотоос 1211 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд 2025 онд PM2.5 тоосонцрын жилийн дундаж агууламж 17.9 байсан нь өмнөх оны 25.7-оос буурсан үзүүлэлт юм. Энэ нь нийслэлийн агаарын чанарт тодорхой ахиц гарч байгааг илтгэж байна.