Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн хоногт дөрвөн аймгийн таван суманд ойн хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 4000 орчим га талбай шатжээ.
Үүнээс одоогийн байдлаар гурван гал түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал,
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багт гуравдугаар сарын 23-ны өдөр гарсан гал түймрийг тухайн өдрөө цурамд оруулж, маргааш нь бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан байна.
Ховд аймгийн Дөргөн суманд гарсан түймрийг унтраах ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль орчны газрын нийт 30 хүн, 4 автомашинтай зохион байгуулж, бүрэн унтраасан.
Сүхбаатар аймаг, Түмэнцогт суманд гарсан гал түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Мөнххаан сумын Мэргэжлийн ангийнхан, “Хунт өгөөж” жоншны уурхайн ажилтнууд, орон нутгийн нийт 63 хүн, 13 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан байна.
Мөн одоогийн байдлаар хоёр гал түймрийг цурамд оруулан, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал,
Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 9 га талбай өртжээ. Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийнхан, зуны гол багийн Засаг даргаар ахлуулсан, Их-Уул сумын нийт 58 хүн, 4 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 3600 га талбай өртөж шатаад байна. Тус дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 70 хүн, 24 автомашин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, одоогоор цурамд оруулаад байгаа аж.