“BTS” хамтлагийн зарим гишүүн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Өмнөд Солонгосын армид хугацаат цэргийн алба хаасан нь уран бүтээлийн завсарлага авахад хүрсэн. Тэгвэл тус хамтлаг эргэн нийлж өнгөрсөн Бямба гарагт Сөүл хотын төвд тоглолтоо хийж үнэнч фенүүдээ баярлуулсан.
Гэвч тоглолтыг ойролцоогоор 104 мянган үзэгч биечлэн үзсэн нь урьдчилсан байдлаар 250 мянга орчим хүн цугларна гэсэн хүлээлтэд хүрээгүй байна. Үзэгчдийн тоо бага байсан нь олон хүн цугларахаас сэргийлсэн эрх баригчдын хатуу зохицуулалттай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Үүний нөлөөгөөр Даваа гарагийн арилжаагаар “HYBE” агентлагийн хувьцааны ханш Сөүлийн хөрөнгийн бирж дээр 15.5 хувиар унажээ. Сүүлийн үед тус агентлагийн хувьцаа “BTS”-ийн шинэ уран бүтээл, аялан тоглолтын хүлээлтээс шалтгаалан өсөлттэй байжээ. Мөн тоглолтыг “Netflix” платформ дэлхийн 190 гаруй улсад шууд дамжуулсан бөгөөд үзэлтийн албан ёсны статистик энэ долоо хоногийн сүүлээр гарах аж.