Архангай аймагт гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 350 орчим га талбай өртжээ

Архангай аймагт гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 350 орчим га талбай өртжээ

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр “Хойд гол” гэх газарт ойн түймэр энэ сарын 9-нд гарсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн билээ.

Уг дуудлага тухайн өдрийн 18:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ихтамир сумын Мэргэжлийн анги, “Хангай нурууны байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажилласан юм. Тэгвэл тус ойн түймрийг 3 дугаар сарын 11-ний өдрийн 10:20 цагт цурманд оруулж, 3 дугаар сарын 12-ны 08:25 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 350 орчим га талбай түймэрт өртсөн гэж эх сурвалж мэдээллээ.