Хүний эрхийн үндэсний комиссоос цахим орчинд тархсан өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхнээ дээрэлхэж, хүчирхийлж буй бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Олон нийтийн сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, хүчирхийлж буй бичлэг тархсан нь харамсалтай. Хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, зөв хүмүүжил олгож чадаагүй нь бид бүхний хариуцлага юм. Хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй үйлдэл” хэмээн онцлов. Тэрбээр ХЭҮК сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг тогтмол хөндөж ирсэн бөгөөд сүүлийн гурван илтгэлдээ энэ асуудлыг тусгаж, ялангуяа боловсролын салбар дахь хүний эрхийн мониторингийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт ноцтой хэмжээнд хүрснийг анхааруулж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай талаар санал, зөвлөмж гаргасан гэдгийг дурдлаа. Мөн боловсролын байгууллагуудад хүүхэд хамгааллын тогтолцоо хангалтгүй байгааг онцолж, энэ хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 30-нд ХЭҮК-ын даргын зөвлөмжийг боловсролын асуудал эрхэлсэн сайдад хүргүүлсэн байна. Уг зөвлөмж нь хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудалд чиглэжээ.
- БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛСОН ХҮҮХДИЙН ТОО 2021 ОНД 278 БАЙСАН БОЛ 2025 ОНД 436 БОЛЖ ӨСЖЭЭ-
ХЭҮК-ын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо 2021 онд 278 байсан бол 2025 онд 436 болж өсжээ. Мөн хүүхдийн амиа хорлолтын тохиолдол 2021 онд 62, 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд 62 бүртгэгдсэн байна. Харин гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 2021 онд 83 байсан бол 2024 онд 111 болж өссөн бол гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүхдийн тоо 2021 онд 550 байсан бол 2024 онд 997 болж нэмэгджээ.
Ж.Хунан "Үе тэнгийн дээрэлхэлт газар авч буй энэ үед хүүхэд хамгааллын тогтолцоог бодитоор сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрт хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий бүтэц байдаг ч бодит үр дүн хангалтгүй байгаа. Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан баг, хамгааллын цэгийн хүртээмж, үйл ажиллагааг сайжруулах, санхүүжилт болон мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хариу арга хэмжээ бодитой, үр дүнтэй хэрэгжиж чадвал хүүхдүүд “үнэхээр хамгаалдаг тогтолцоо байна” гэсэн итгэлтэй болж, тулгамдсан асуудлаа мэдээлэх боломж бүрдэнэ. Мөн хүүхэд хамгааллын тухай хуульд холбогдох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байдаг тул тухайн байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд илүү анхаарах шаардлагатай.
Хүүхэд гаргасан гомдол, мэдээлэлд бага дээр нь анхаарч, анги хамт олон, гэр бүлтэй нь хамтран ажиллах замаар асуудлыг шийдвэрлэх нь чухал. Учир нь хүүхдүүд томчуудаас үлгэрлэж, тэдний харилцаа, хандлагыг дуурайж суралцдаг. Иймд насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө хариуцлага хүлээгч гэдгийг ухамсарлаж, зөв үлгэрлэл үзүүлэх шаардлагатай” гэлээ. Тэрбээр хүүхэд хамгаалалтай холбоотой асуудалд цаг алдалгүй, шударга шийдвэр гаргаж, үр дүнтэй арга хэмжээ авч чадвал хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дээрэлхэлтийг бууруулах боломжтойг тодотгов.