Хаврын шар усны үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр зургаан сум "Маш их эрсдэлтэй" гарчээ

Хаврын шар усны үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр зургаан сум "Маш их эрсдэлтэй" гарчээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын ерөнхий үнэлгээг хийлээ.

Үнэлгээг ОБЕГ, түүний харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Усны газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, ШУА-ийн Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэсэн байна. Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд зургаан сум маш их, 20 сум их, 92 сум дунд, 212 сум бага буюу маш бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Харин нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг маш их, дөрвөн дүүрэг дунд, дөрвөн дүүрэг бага буюу маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Шар усны үерт өртөх байдлын үнэлгээгээр 10 аймагт 3789 айл өрх, нийслэлийн 7 дүүрэгт 1216 айл өрх, улсын хэмжээнд нийт 5005 айл өрх үерт өртөх магадлалтай гэж тооцоолжээ.

Мөн ойрын хугацаанд цаг агаар огцом дулаарах төлөвтэй бөгөөд энэ оны гуравдугаар сард Баян-Өлгий, Ховд, Увс аймаг болон Говь-Алтай аймгийн баруун хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа нь шар усны үерийн нөхцөл байдал, аюулын түвшин нэмэгдэх магадлалтайг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.