Б.Амарсайхан: Намрын хүйтэн шөнө гал командын машин дүүрэн ус дээрээсээ цацуулж байж хийсэн “Уучил” дуу маань хит болж, бид магнайгаа хагартал баярлаж байлаа

Б.Амарсайхан: Намрын хүйтэн шөнө гал командын машин дүүрэн ус дээрээсээ цацуулж байж хийсэн “Уучил” дуу маань хит болж, бид магнайгаа хагартал баярлаж байлаа

“Миний гэр” ток шоунаас төрөн гарсан “Sync” хамтлагийн гишүүн Б.Амарсайханыг энэ удаагийн “SocialID” буландаа урьж ярилцлаа. Тус хамтлагийн Pretty Girl, Уучил зэрэг дуунууд одоо ч олон нийтийн дуртай бүтээл хэвээр байгаа билээ. Мөн түүний Дуучин Б.Баярцэцэгтэй хамтран дуулсан “Шүрэн бугуйвч” киноны дуу өдгөө ч олон нийтийн дунд дуулагдсаар байна.

ВИДЕО:

— “Sync” хамтлаг үүссэн түүхээс ярилцлагаа эхэлье. Тухайн үед хит болж байсан хамтлагуудын түүхийг орчин үеийн залуус төдийлөн мэдэхгүй шүү дээ.

— 25 дугаар суваг телевизийн “Миний гэр" реалити шоунд манай хамтлагийн дөрвөн гишүүн оролцож, танилцаж байлаа. Анх хамтдаа дуунуудыг хоолой салгаж дуулж үздэг байсан. Шоунд оролцох хугацаандаа хоёр ч удаа тоглолт хийж амжсан. Улмаар бидний хүсэл сонирхол, санал нийлж,  хамтлагаа байгуулсан. Ингээд 2007 оны наадмын үеэр анхны уран бүтээл “Дуу минь” гэх дуугаа цацаж байлаа. Товчхондоо, манай хамтлаг 2006 онд гарсан тус шоунаас төрсөн гэж ойлгож болно.

— Тухайн үед Мотив, Sync зэрэг эрэгтэй хамтлагууд их байсан. Танай хамтлагийн дуунууд хит болж байсан үе олон байсан?

— Манай хамтлаг анх тайзан гарахдаа тус тусдаа дэмжигчидтэй байсан. Хамтлаг байгуулагдаад таван жил өнгөрсөн буюу 2010 онд ч “Чи шүү” реалити шоуны Sync гэж ярьдаг байсан. Тухайн үед сонсогчдын тоо их байсан.

— Маш олон бүтээлтэй шүү дээ. Таны хувьд аль дуу нь хамгийн дуртай вэ?

— Хамтлагийнхаа хамгийн дуртай дуу гэвэл “Уучил". Энэ сарын 23-нд тоглолт хийх гэж байгаа хөгжмийн зохиолч Жак найзтайгаа ярилцаж сууж байгаад энэхүү дууг хийсэн. Найз маань тухайн үед эхнэрээ гомдоочихоод уучлалт гуйж энэ дууг бүтээсэн. Энэ дуунд бага хугацаа зарцуулж, бүтээсэн ч хит болж чадсан. Клипний зураг авалтыг хийхдээ намрын хүйтэн орой галын машин дүүрэн хүйтэн ус дээрээсээ цацаж байж хийсэн байдаг.  Одоо бодоход тэр үнэхээр хэцүү хэрнээ гайхалтай дурсамж.

— Та болон танай хамтлаг урлагаас хэдэн жил хөндийрсөн. Үүний шалтгаан юу байв?

— Манай Энхүүш долоо жил гадаадад байсан. Бусад гишүүд хувийн ажил, амьдралдаа анхаарлаа хандуулсан. Бүтэн цомог бичүүлсэн ч клип хийж, дуу гаргахад зав гараагүй. Тухайн үед зарим нь бизнесээ эхлүүлсэн байсан. Эргээд хуучны дуунуудаа дуулъя гэсэн ч бүх гишүүд гадагшаа явсан тул боломж гарсангүй. Анхнаасаа дөрөвдүүлээ байсан тул хэн нэгнийг орлох бодол ч байгаагүй. 

— Ойрын хугацаанд фенүүдэд зориулж шинэ уран бүтээл хийх үү?

— Дөрөвдүүлээ болж, эрчээ авсан тул хэдэн дуун хийхээр ярилцаж байна. Гэхдээ одоо хорин хэдтэй залуучууд биш учраас ямар дуу зохилтой байх вэ гэдэг тал дээр санаа нийлэхгүй зүйлс байж магадгүй. Гэхдээ шинэ уран бүтээл хийх хүсэл бол бий. 

— Таныг олон охид бүсгүйчүүдийн “краш” байсан гэдэг.

— Өнгөрсөн зун "All in hit" тоглолт болохтой холбоотой олон нийтийн өмнө гарч эхэлсэн. Тэр үед крашилдаг байсан гэх мессеж олон ирсэн. Тухайн үед л энэ тухай мэдсэн гэж хэлж болно. Өмнө нь эд уран бүтээл хийдэг байх үед мэдэгддэггүй байсан. Харин манай хамтлагийн гишүүн У.Энхдөл буюу Дөлөөг маш олон охид крашилдаг байсан.

 

— Өнгөрсөн зуны тоглолт таны төсөөлснөөр өөр болсон уу. Сонсогчид тань санасан байна уу?

— Дуу, уран бүтээл нь олон жилийн дараа ч амьд байдаг мэт санагддаг. Тоглолт дээр олон хүмүүс үг үсэггүй бидний дууг дагаж дуулж байсан нь сайхан байсан. Одоогоос 15-20 жилийн өмнө цацаж байсан дуунуудыг тухайн үед төрж байсан хүүхдүүд хүртэл өнөөдөр мэдэж байна шүү дээ. Мөн манай хамтлагийн давуу тал нь хөнгөн аялгуутай, бүх цаг үед дуулагддаг сэдэв санагддаг. Цаашлаад тухайн үеийн олон дурсамж нь хадгаладсан байдаг санагдсан. 

— Энэ удаагийн тоглолтын нэг өдрийн орлогыг хандивт өгөх гэж байгаа тухай?

— Мартын 8-н буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дөрвөн хамтлаг нийлж, тоглолтоо хийх гэж байна. Дөрвөн ажил зэрэг хийж гурван хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөж буй хөдөлмөрч бүсгүй Ариунсайханд нэг өдрийн тоглолтоос цугларсан мөнгөө хандивлах болно. Мэдээж хүнд туслах гэж байгаа юм чинь олон хүн үзвэл илүү сайхан. Бидний хийж байгаа ажлын үр дүн ч илэрхий болно. Дөрвөн хамтлагийн 16 залуугийн нэгдсэн тоглолтыг ирж үзээсэй хэмээн хүсэж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Б.АНУ




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө

ХАМТДАА ӨССӨН 35 ЖИЛ

15 цагийн өмнө