Стандартын шаардлага хангаагүй хашаанаас үүдэн найман жилийн хугацаанд 44 зэрлэг амьтан хорогджээ

Стандартын шаардлага хангаагүй хашаанаас үүдэн найман жилийн хугацаанд 44 зэрлэг амьтан хорогджээ

Жил бүрийн гуравдугаар сарын 3-нд тэмдэглэдэг "Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас “Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ өдөр нь зэрлэг амьтан, ургамлын экологийн, нийгэм, эдийн засаг, соёлын үнэ цэнийг таниулах, хууль бус худалдаатай тэмцэх шаардлагыг онцлон тэмдэглэх зорилготой. 2026 онд дэлхий нийтээр уг өдрийг “Эмийн болон ашигт ургамал: Эрүүл мэнд, өв уламжлал, амьжиргааг хамгаалъя” уриан дор тэмдэглэж, зэрлэг ургамлын хүний эрүүл мэнд, орон нутгийн иргэдийн амьжиргаанд гүйцэтгэх үүргийг онцолж байна.

- НОГООН БҮСИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ- 

Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Байгаль орчны газрын дарга хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь нэг өдрийн уулзалт бус, нийслэлийн ногоон бүсийн экологийн аюулгүй байдал, биологийн олон янз байдлын хамгаалал, зэрлэг амьтдын амьдрах орчны тогтвортой байдлыг хангах бодлогын түвшний чухал хэлэлцүүлэг болохыг онцоллоо. Тэрбээр Богдхан уул нь дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг бөгөөд Улаанбаатар хотын экологийн тэнцвэр, уур амьсгал, усны нөөц, зэрлэг амьтдын амьдрах орчны үндсэн тулгуур нутаг гэдгийг тодотгов.

- СҮҮЛИЙН НАЙМАН ЖИЛД 800 ОРЧИМ ЗЭРЛЭГ АМЬТНЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ- 

2018–2025 оны хооронд нийт 687 удаагийн дуудлагаар 800 орчим зэрлэг амьтныг авран хамгаалсан байна. Гэвч стандартын шаардлага хангаагүй, хурц шовх үзүүртэй хашаанаас шалтгаалан 44 зэрлэг амьтан, үүнээс 15 халиун буга хорогдсон нь экологийн ноцтой дохио болсныг мэдээллээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан “UCS 0304B:2025” стандартыг хэрэгжүүлж, зэрлэг амьтдад ээлтэй орчныг бүрдүүлэх, 20,345 га талбайд экологийн коридор байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.

Энэхүү бодлогын хэлэлцүүлэг нь төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдыг хамгаалах бодлогыг илүү нэгдмэл, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит алхам боллоо. Цаашид Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн зэрлэг амьтдын хамгаалал, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв.