Богдхан уулын орчимд стандартын бус хашаанаас болж 44 зэрлэг амьтан хорогдож, 800 орчим амьтныг авран хамгаалжээ

Богдхан уулын орчимд стандартын бус хашаанаас болж 44 зэрлэг амьтан хорогдож, 800 орчим амьтныг авран хамгаалжээ

Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдрийг тохиолдуулан “Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүс, зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.03/ боллоо.

Энэхүү арга хэмжээ Цэнгэг усны нөөц хамгаалах төв-д зохион байгуулагдсан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, Цэнгэг усны нөөц хамгаалах төв зэрэг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Богдхан уул болон Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд тулгамдаж буй асуудлуудыг бодит тоон мэдээлэлд үндэслэн танилцуулсан юм.

Тодруулбал, 2018-2025 оны хооронд иргэдээс ирсэн 667 дуудлагын дагуу нийт 55 зүйлийн 800 орчим зэрлэг амьтныг авран хамгаалжээ. Энэ нь хот суурин газартай ойр бүсэд зэрлэг амьтад хүний үйл ажиллагааны нөлөөнөөс болж бэртэж гэмтэх эрсдэл өндөр байгааг харуулж байна. Мөн Богдхан уул орчмын бүсэд стандартын шаардлага хангаагүй, хурц үзүүр, ирмэгтэй хашаа, хамгаалалтын байгууламжаас шалтгаалан зэрлэг амьтад хорогдож буйг онцоллоо. Түүнчлэн дээрх асуудалтай холбоотойгоор 240 орчим сая төгрөгийн зардал гарсан талаар дурдав.  Хэлэлцүүлгийн хүрээнд Богдхан уул болон нийслэл орчмын ногоон бүсийн менежментийг сайжруулах, амьтдын шилжилт хөдөлгөөний зам, амьдрах орчныг хамгаалах, стандартын шаардлага хангахгүй хашаа, хамгаалалтын байгууламжийг цэгцлэх зэрэг асуудлыг хөндөв.

Б.Ану