Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Одоогоос 101 жилийн тэртээ С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын ардын хувьсгалын анхны долоо нэгдэж, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.
1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулсан энэ өдрийг 2011 онд Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэн “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан баталгаажуулсан юм.
Тэгвэл энэ өдөр МАН-ын дарга Н.Учрал намынхаа анхны дарга Солийн Данзангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр энэ талаараа "Ардын намын дарга Солийн Данзангийн "Иргэн баян бол улс баян”, намын мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээл, Монгол Ардын намын үүсгэн байгуулагдах цагаасаа баримталсан өөрийн төр, шашин, соёлыг бадраах үндэстний ардчилсан дэвшилтэт үзэл санаа, үнэт өвөө сэргээн амилуулж, уламжлал шинэчлэлийг хослуулан өөрчлөгдөн шинэчлэгдэж, түмнийхээ итгэлд дахин төрнө. Тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархалж, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнаж ард түмэндээ эргэн ирнэ.
Өнгөрсөн, одоо, ирээдүйн алтан хэлхээн дээр, иргэндээ итгэж, эрх чөлөөг дээдэлж, бүтээснээсээ ихийг бүтээж, түмнийхээ сэтгэлд дахин төрнө.
Эрх чөлөөт омог бардам Монгол хүн Танд эх орончдын баярын мэнд дэвшүүлье. Эрхэм журмын нөхөд Та бүхэндээ Монголын Ардын нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэнд хүргэе. Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг ивээх болтугай" гэлээ.