Эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалттай холбогдуулан 2026 оны нэгдүгээр сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбарынхаа асуудлуудыг "цэгцлэх" 30 хоногийн хугацааг Ерөнхий сайд өгсөн.
Тухайн үед Ерөнхий сайд Г.Занданшатар "Б.Чойжилсүрэн сайдад нэг сарын хугацаатай үүрэг даалгавар өгч байна. "ДЦС-4"-ийн есөн зуухнаас дөрөвт нь гэмтэл гарч байна. Мөн "ДЦС-5"-ын бүтээн байгуулалтыг Х.Нямбаатар даргатай хамтран яаралтай эхлүүл. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад тусламж үзүүлж, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуул. Тог цахилгаан тасарснаас болж иргэдийн аж амьдралд хүндрэл учруулж байна. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо цэгцэлсний дараа үнэ чөлөөлөх ёстой. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно" гэж анхааруулж байв. Тэгвэл энэхүү 30 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж байна.