АН-ын дарга О.Цогтгэрэл “Novex” клубийн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардуулжээ

АН-ын дарга О.Цогтгэрэл “Novex” клубийн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардуулжээ

“Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” үндэсний аяны хүрээнд Намын гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээг Ардчилсан Намаас цувралаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2026.02.26/ “Novex” клубийн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардуулав.

Уулзалтын үеэр Намын дарга “Дотоод эмх цэгц, эв нэгдэл, бодлогын тууштай байдалд суурилсан улс төрийн соёл төлөвшиж чадвал Монголын ардчилал улам батжин, нээлттэй нийгэм илүү цэгцтэй, илүү хариуцлагатай, илүү үр өгөөжтэй байх болно. Эв нэгдлийг эмх цэгц болгон төлөвшүүлэх хариуцлага намын гишүүн бүрт ногдож байна.

Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болж төлөвшинө” хэмээв.