Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “АйВиБи Бэби Каре Монгол” ХХК нь мазаалай баавгайн хамгаалал, судалгаа, мониторингийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд мазаалай баавгайн хамгаалал, судалгаа, мониторингийг тогтвортой дэмжих, амьдрах орчны доройтлыг бууруулах, хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлэх, олон нийт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- мазаалай баавгайн популяцийн бүтэц, идэш тэжээлийг тодорхойлох судалгаа, мониторингийг дэмжих,
- нэмэлт тэжээл бэлтгэх, хамгаалалт-хяналтын үйл ажиллагаанд шаардлагатай логистикийн дэмжлэг үзүүлэх,
- жил бүрийн 2 дугаар сарын 28-ны “Мазаалай баавгайн өдөр”-ийг хамтран зохион байгуулах,
- амьдрах орчныг хамгаалах, сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх,
- хэрэгжилтийн тайлан мэдээллийг тогтмол солилцох, ил тод байдлыг хангах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
Энэхүү хамтын ажиллагааг “АйВиБи Бэби Каре Монгол” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх аж.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаагаар дамжуулан зохион байгуулж, тайлагнах юм.