Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хаврын чуулганы өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцож, чөлөөлж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД дарж унших. 

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2026.02.25/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар сахилга хариуцлагын асуудлыг хөндөж, зарим сайд нарын ажлын гүйцэтгэл муу байгааг сануулсан байна.

Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногоос Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдыг чөлөөлөх асуудал бодитоор яригдаж эхэлжээ. 

Энэ нь гэнэтийн мэдээ биш бөгөөд намрын чуулганы үеэр ч улс төрийн хүрээнд яригдаж байсан юм. Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн /2026.01.28/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Түүнд өгсөн 30 хоногийн хугацаа маргааш /2026.02.27/ дуусах ч асуудал нь шийдэгдээгүй, шийдэгдэх ч үгүй гэдгийг Б.Чойжилсүрэн сайд өөрөө хэлсэн.

Тодруулбал, тэрбээр "Эрчим хүчний салбарт хуримтлагдсан асуудал нь өргөс авсан юм шиг алга болохгүй. Урт хугацааны ажил. Энэ хугацаанд багтаж засч чадахгүй. Сайдын суудалд хоргодох зүйлгүй. Албан тушаалыг өгч, авч чаддаг хүн" гэх хариултыг өгсөн. Б.Чойжилсүрэн нь  2008, 2012, 2016, 2020, 2024 онд УИХ-д таван удаа дараалан сонгогдсон бөгөөд Сангийн сайдаар нэг удаа ажилласан бол Эрчим Хүчний сайдаар гурав дахь удаагаа ажиллаж буй юм.

Сануулахад, МАН маргааш Бага хурлаа хийнэ. Тус хурлын үеэр Бодлогын хороодоос зарим сайд нарт хариуцлага тооцох чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатарт өгнө гэх мэдээлэл бий. Намаас нь өгөх энэ чиглэл Ерөнхий сайдын шийдвэрийг хурдлуулах гол шалтгаан ч болж мэдэх юм. Одоогийн байдлаар Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаас чөлөөлөх нь нэгэнт тодорхой болсон бөгөөд бусад хоёр нь хэн байх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Улс төрийн хүрээнд тэднийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Боловсролын сайд П.Наранбаярыг байх магадлалтай хэмээн ярьж байгаа. Харин Ерөнхий сайдын хувьд ийм шийдвэр гаргахаас аргагүй нөхцөлд байгаа бөгөөд нэг талд намын төв аппаратаас нь нөгөө талд сөрөг хүчин АН хариуцлагын асуудлыг хөндөн Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсэг зуруулж эхлээд буй билээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө