ИЗНН-ын дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулснаа хаврын чуулганаар өргөн барихаар болжээ.
Түүнийг эл хуулиа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад зориулж боловсруулсан уу гэх олон нийтийн таамаг байна. 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдсон 126 гишүүний 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон бөгөөд жагсаалтын 48 гишүүнээс МАН-ын 18, АН-ынх 16, ХҮН намынх 6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн суудал авсан юм. Ёс зүйн асуудалд нэр холбогдоод буй М.Нарантуяа-Нара гишүүний тухайд ИЗНН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон юм. УИХ-ын гишүүн нь ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдолд Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж тухайн гишүүнд сануулах арга хэмжээ авах, гомдол гаргагчаас уучлал гуйхыг даалгах, 6 сар хүртэл цалингийн 20 хувийг хасах л арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай юм. Түүнээс эргүүлэн татах зохицуулалтгүй юм. Тэгвэл Б.Батбаатар гишүүний санаачилсан хуулиар ямар тохиолдолд гишүүнийг эргүүлэн татах тухай, жагсаалтын гишүүд гэж тодотгосон учир ямар шалтгаантайг тодрууллаа.
ВИДЕО:
-ЖАГСААЛТЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ИЗНН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАСАН БАЙСАН-
-Та жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн барихаар бэлдэж байгаа юм байна. Зарим хүмүүс үүнийг зөвхөн нэг хүнд тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад зориулсан гэж ярьж байна. Та энэ хуулийн төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хуулийн боловсруулалт ямар шатандаа явж байгаа вэ. Энэ хаврын чуулганаар өргөн барьж амжих уу?
-Нэгдүгээрт, энэ ганцхан гишүүнд зориулагдсан хууль биш. Жагсаалтаар сонгогдсон 48 гишүүнд бүгдэд нь хамаарна. Надад ч хамааралтай. Цаашлаад нийт 126 гишүүний асуудал болж хувирах юм. УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийн зүгээс "Гишүүдийг эргүүлэн татах тухай асуудлыг хуульчлаач ээ. Эргүүлэн татах боломжгүй учраас болохгүй байна" гэж ярьдаг. Миний мэдэж буйгаар сүүлийн таван сонгуулийн дараах нөхцөл байдал ийм байна.
Хоёрдугаарт, ИЗНН нь сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг санаачлан, өргөн барьж, хууль болгож батлуулна” гэсэн заалтыг оруулсан. Ард иргэдээс санал авч парламентад суудалтай болсон намын хувьд мөрийн хөтөлбөрийг маань дэмжсэн иргэдийн санал бидэнд гэрийн даалгавар гэсэн үг. Би гэрийн даалгавраа л хийж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийг ямар хэм хэмжээнд ажиллах ёстойг тодорхой болгох хууль юм.
-Үндсэн хууль болон зарим хуулинд УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тодорхой заалтууд байдаг. Гэтэл та энэ хуулиа “жагсаалтын” гэж ангилдаг нь ямар учиртай вэ?
-Ер нь ирээдүйд 126 гишүүнд бүгдэд нь хамааралтай. Гэхдээ бүх гишүүдийг хамруулбал нөхцөл нь өндөр болчихоод батлагдахгүй байж магадгүй гэж харж байгаа. Хий дэмий яриад өнгөрөх биш эхний алхмаа хийчихээд цаашаа явах нь зөв гэж харж байгаа.
Жагсаалтаар сонгогдсон гишүүд намд өгсөн саналаар УИХ-д орж ирдэг. Тэгэхээр улс төрийн намууд парламентад суудалтай болсон хойноо мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллах ёстой юм.
Өнгөрсөн зун, намар Засгийн газрын асуудал нэлээдгүй шуугиан тарилаа. УИХ -д ч олон нөхцөл байдал үүссэн. Цаашлаад гадаад дотоодын хөрөнгө оруулалт, ард түмний амьдралтай холбоотой шийдвэрийг гаргахад хувийн ашиг сонирхлоо кнопон дээр тавих боломжийг үгүй хийж байна гэсэн үг.
Улс төрийн нам бүр өөрийн мөрийн хөтөлбөртэй. Харин намууд дотроо 20, 30-аараа хуваагдаж, кнопдохоор улс төрийн нам биш болчихож байгаа юм. УИХ-ын гишүүд намынхаа мөрийн хөтөлбөр, сонгуульд амласан амлалтаа биелүүлэх шийдвэрийнхээ төлөө нэгэн жигд саналаа өгөх ёстой. УИХ-ын гишүүд тусдаа мөрийн хөтөлбөртэй байсныг “УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн хувиараа мөрийн хөтөлбөр дэвшүүлэхгүй” гэж өөрчилсөн. Энэ талаасаа бид Засгийн Газар, УИХ, эрх баригч нам, сөрөг хүчний аль нь ч байсан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажлаа хийдэг, дараагийн сонгуульдаа мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадсан, чадаагүйгээрээ дүнгээ тавиулдаг байх нь улс төрийн намын төлөвшилд ч туйлын чухал гэдэг үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

-М.НАРАНТУЯА-НАРА ГИШҮҮНТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ. ГЭХДЭЭ МИНИЙ ХУУЛИАР МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ, ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТНА-
-Энэ хуулийн төсөлд яг ямар тохиолдолд гишүүнийг эргүүлэн татна гэж тусгагдаж байгаа вэ. Танай намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ёс зүйн асуудалд удаа дараа холбогдсон, өмнө нь Ёс зүйн байнгын хороооноос сануулга авч байсан. Гэсэн ч энэ байдалд засрахгүйгээр барахгүй дахин ёс зүйн зөрчил гаргаж иргэдийг бухимдуулсаар байна?
-Сонгууль болоход улс төрийн намууд нэр дэвшигч нартайгаа гэрээ байгуулдаг. Манай нам хуулийн хүрээнд "ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэсэн гэрээ байгуулсан. Манай мөрийн хөтөлбөрт хориод хууль батлуулна гэсэн заалт байгаа. Хэдий манай нам олонх болоогүй ч тодорхой хэмжээгээр мөрийн хөтөлбөрөө урагшлуулахыг хичээнэ. Энэ бол бидний сонгогчдын өмнө хүлээсэн хариуцлагын асуудал. Мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллах нь УИХ-ын гишүүдийн ч үүрэг. Улс төрийн намыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд саад болж байгаа, түүнчлэн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан УИХ-ын гишүүдээ эргүүлэн татах боломжийг бүрдүүлэх ёстой. Сонгууль болоход мөрийн хөтөлбөр барьж ард түмэн дээрээ очоод, сайхан амьдруулна гэж амлачихаад тэр нь биелүүлдэггүй байж болохгүй. Нэг ёсондоо сонгогчдын намд өгсөн саналыг ажил хэрэг болгоё гэсэн агуулгатай юм.
-Танай нам сонгуулийн өмнө нэр дэвшигчидтэйгээ ямар гэрээ байгуулсан бэ. М.Нарантуяа-Нара гишүүнтэй гэрээ байгуулсан уу.
-Би гэрээ байгуулаагүй. Миний ойлгож байгаагаар сонгуульд нэр дэвшихдээ энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэсэн.
-Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж чадаж байгаа юу?
-Ганц гишүүнийг онцолж ярьж болохгүй л дээ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бид нар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар болсон. Байгаль орчин, шударга ёсны төлөөх хөтөлбөр учир 60 гаруй хувь нь сууж чадсан.
-Тэгэхээр цаашид УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил Ёс зүйн дэгийн дэд хороогоор шийдвэрлэгдээд л явах юм уу?
-МАН-ын дарга Н.Учрал "Гишүүд байр сууриа буруу илэрхийлэх нь намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна" гэж хэлсэн байсан.
Хэрвээ намын нэр хүндэд муугаар нөлөөлөөд нам нь тэр хүнээ ёс зүйгүй байна гэж үзвэл эгүүлэн татах боломжтой шүү дээ.

-М.НАРАНТУЯА-НАРА ГИШҮҮНИЙ АСУУДЛААР ГОМДОЛ ИРВЭЛ МАНАЙ НАМ ДҮРМЭЭРЭЭ АВЧ ХЭЛЭЛЦЭНЭ-
-Жагсаалт хэдий зөв систем ч тэнд хэнийг ямар зарчмаар оруулах нь чухал болоод байна. Таны оруулсан хүн гэхэд буруу байсан гэдгийг олон нийт өнөөдөр шүүмжилж байна шүү дээ. Үүнд анхаарах талаар та хуульдаа тусгасан уу?
-Би 2024 онд "ИЗНН ард иргэдийн индэр байна. Та бүхэн ИЗНН-д элсэж төрийн сонгуульд оролцооч ээ" гэж уриалсан юмаа. Нэр дэвшүүлэхдээ тэр л зарчмыг барьсан. Парламентыг бага ард түмэн гэдэг. Тиймдээ ч ард түмний бүх л төлөөлөл байгаасай гэж би хүссэн. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн иргэдэд үйлчилж, хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Харин УИХ-ын гишүүнээ ийм байлгахын тулд нэр дэвшүүлж байгаа нам нь өөрөө төлөвшиж, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлэхийн тулд энэ хуулийн төслийг санаачилсан.
-АН-ын дарга О.Цогтгэрэл олон нийтээс шүүмжлэл хүртээд буй Ц.Мөнхтуяа гишүүнийг дуудаж сануулга өгсөн. Үүнтэй адилхан сануулга өгөх дүрэм журам танай намд байдаг уу?
-Манай намын дүрмийн хороонд байдаг. Гэхдээ намын аль нэг гишүүн гомдол гаргавал авч хэлэлцдэг. Хүмүүс янз бүрийн саналыг мессежээр явуулж байна. Гэхдээ албан ёсоор гомдол ирвэл авч хэлэлцэнэ.
-Таны хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квоттой холбоотой агуулга хөндөгдөх үү?
-Үүн дээр миний хувьд ямар нэг хөндөж буй зүйл байхгүй. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг оруулж ирээд хэлэлцэх нь нээлттэй шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.