Ирвэстэй бүс нутагт ажиллаж, амьдарч буй байгаль хамгаалагчдыг алдаршуулах зорилготой “2025 оны Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулалтыг зарлалаа.
Энэхүү шалгаруулалт нь уулын эзэн хэмээн хүндлэгддэг цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээл бологч амьтдыг хууль бусаар агнах зөрчлийг таслан зогсоох үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулахад чиглэж байна.
Шалгаруулалтад ирвэстэй бүс нутагт ажиллаж, амьдардаг байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, салбарын мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. Нэр дэвшигч нь цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдыг хууль бусаар агнах зөрчлийг илрүүлсэн, таслан зогсоосон, урьдчилан сэргийлсэн бодит үр дүнтэй ажил хийсэн байх шалгууртай юм.
Уулын экосистемийн тэнцвэрийг хадгалах, нэн ховор амьтныг хамгаалах үйлсэд бие сэтгэлээ зориулан ажиллаж буй байгаль хамгаалагчдыг олон нийтэд таниулж, урамшуулах нь энэхүү шалгаруулалтын гол зорилго гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.