Иргэн Э.Энхгэрэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлүүлэх гомдол гаргажээ

Иргэн Э.Энхгэрэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлүүлэх гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудаснаа бусдыг доромжилсон утгатай үг хэллэг хэрэглэж, ёс зүйн зөрчил гаргаж байгааг иргэд шүүмжилж байгаа бөгөөд Ёс зүйн дэд хороо энэ асуудалд анхаарч, шалгуулах ёстой талаар хэлж буй.

Харин Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн "Одоогоор дээрх гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирээгүй байна. Албан ёсоор өргөдөл, гомдол ирж байж л хэлэлцдэг учир хариуцлагын асуудал ярих боломжгүй” гэх мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл гомдол ирж байж л УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх аж.

Тэгвэл иргэн Э.Энхгэрэл нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн пост, хараалын үг бүхий сэтгэгдэл, доромжлолын шинжтэй үг агуулсан нь ёс зүйн ноцтой зөрчил гэж үзээд гомдол гаргаж, Ёс зүйн дэд хороо болон холбогдох байнгын хороогоор шалгуулж, дүгнэлт гаргуулахыг хүссэн бичгээ цахимаар илэгээсэн байна. Сонирхуулахад, Ёс зүйн дэд хороо нь гомдол мэдээллийг амаар, бичгээр болон цахимаар хүлээнэ авах бөгөөд Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга гомдол мэдээллийг хүлээн авч, үүнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг шалгаж, дүгнэлт гаргах ёстой байдаг бөгөөд шаардлагатай бол 14 хүртэлх хоногоор нэг удаа сунгаж болдог байна.