Б.Хэрлэн: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нартай холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд ирээгүй ч биечлэн уулзана

Б.Хэрлэн: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нартай холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд ирээгүй ч биечлэн уулзана

Манай улс олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай орон. Парламентын засаглал нь бидний тусгаар тогтнолын баталгаа. Энэ утгаараа парламентын нэр хүндийг хайрлаж хамгаалах зүй ёсны шаардлага байдаг бөгөөд энд ажиллах парламентын гишүүн нь өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байх ёстой гэж үздэг.

Гэтэл сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд парламентын нэр хүндийг унагах үйлдлийг удаа дараа хийж, олон нийтийн хатуу шүүмжлэлд өртөх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяагийн олон нийтийн сүлжээнд бусдыг хэл амаар доромжлох, дайрч давшлах зэрэг үйлдлийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэх хэмжээнд хүрээд байна. 

Тиймээс тус дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс энэ талаар тодруулахад " Одоогоор дээрх гишүүдтэй холбоотой өргөдөл, гомдол ирээгүй байна. Албан ёсоор өргөдөл, гомдол ирж байж л хэлэлцдэг учир хариуцлагын асуудал ярих боломжгүй. Энэ талаар гишүүдтэй уулзана" гэлээ.

УИХ-ын гишүүн нь ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдолд Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж тухайн гишүүнд сануулах арга хэмжээ авах, гомдол гаргагчаас уучлал гуйхыг даалгах, 6 сар хүртэл цалингийн 20 хувийг хасах л арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай юм. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хувьд  яг нэг жилийн өмнө өөрийн сошиал хаягаар бараа сурталчилсан гэх үндэслэлээр сануулах арга хэмжээг авахуулж байсан билээ. Мөн бусад гишүүдтэй харилцсан захидлыг олон нийтийн сүлжээнд тавьснаас болж, гишүүд аман байдлаар Ёс зүй дэд хороонд гомдол гаргасан байдаг. Харин Ц.Мөнхтуяа гишүүнд намын дарга О.Цогтгэрэл нь сануулга өгсөн уулзалт саяхан болж өнгөрсөн билээ.