Д.Ариунболд нарт холбогдох хэрэг хаагдаж, Ж.Мөнхбатыг Монголд ирэхээс өмнө, түүний МАН-ын Бага хурлын гишүүний эрхийг нь сэргээсэн байжээ

Д.Ариунболд нарт холбогдох хэрэг хаагдаж, Ж.Мөнхбатыг Монголд ирэхээс өмнө, түүний МАН-ын Бага хурлын гишүүний эрхийг нь сэргээсэн байжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "Нүүрсний хэрэг"-т нэр холбогдон шалгагдаж, улмаар 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ хүлээн авч шийдвэрлэсэн. Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дараа "ээжийгээ гадаадад эмчлүүлнэ" гэж хэлээд Өмнөд солонгос /БНСУ/-ыг зорьсон байдаг. Түүнийг саяхныг хүртэл тус улсад амьдарч байсан гэх мэдээлэл бий. 

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж байсан бөгөөд  хэргийг нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа юм. Эргэн сануулахад,  энэ хугацаанд түүнийг оргон зайлсан гэх үндэслэлээр Улсын ерөнхий прокурорын газраас эрэн сурвалжилж ч байсан удаатай. 

Тэгвэл хоёр жилийн турш "нам гүм", нуугдмал байсан Ж.Мөнхбат нь Монгол Улсад ирсэн байна. Тэрбээр ирсэн даруйдаа буюу Цагаан сарын өмнө МАН-аас зохион байгуулсан намын үе, үеийн бүх шатны дарга нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцжээ. Мөн намынхаа золголтод ч оролцжээ. 

Ийнхүү түүнийг олон нийтийн арга хэмжээнд оролцож эхлэхээс өмнө буюу 2025 оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын Их хурлаар Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын Бага хурлын гишүүнийг нь сэргээсэн байна. 

Тодруулбал, МАН-ын Бага хурлын гишүүний эрхийг нь сэргээсний дараа нь тэрээр Монголд иржээ. Өнгөрөгч 2025 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулсан. Үүнтэй хамтатган тэднийг намын удирдлагын эрх мэдлээс болиулж, даргаар Н.Учралыг сонгож, тэргүүлэх бүтцийг шинэ хүмүүсээр өөрчилсөн.

Тэгвэл үүний дараа МАН-ын шинэ удирдлагууд Ж.Мөнхбатыг "Эх орондоо ир" гэж дуудсан гэх мэдээлэл байна. Харин түүний нэр холбогдон шалгагдаж, гадаадад байх шалтгаан болж байсан хэргийн тухайд ч шийдэгдэж буй бололтой. Тодруулбал,  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдтой холбоотой схемээс нүүрсний мөнгөөр “Жаргалант” хотхоныг барьсан хэрэг түүнтэй холбогддог. Харин Д.Ариунболдын хэрэг 9 сарын өмнө хэрэгсэхгүй болсон байна. Иймээс түүний Монголд "нүүр бардам" ирсэн шалтгаан ч үүнтэй холбоотой бололтой. Үүнээс хойш тэрээр нам, улс төрийн ажилдаа идэвхтэй оролцоод явах бололтой. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө