Хаврын улс төр МАН болон АН-ын фракцуудын дотоод өрсөлдөөн, эрх мэдлийн шинэ хуваарилалтаар эхэлж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн Баасан гараг /2026.02.27/-т МАН-ын Бага хурал хуралдаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмийнхээ хүрээнд намынхаа дотоод зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, МАН доторх эрх мэдлийн бүтэц, хүчний тэнцвэрийг дахин зураглах процесс эхэлж байна.
Харин АН-д энэ процесс эхэлсэн бөгөөд ирэх сарын 16 /2026.03.16/-нд Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороод нэгэн зэрэг хуралдаж, Үндэсний бодлогын хорооны 370 гаруй гишүүдээ тодруулна. Энэ нь Ардчилсан намын фракцууд нөлөөгөө шинээр тогтоож, АН-ын дарга О.Цогтгэрэл ч цаашид өөр сорилттой тулгарна гэсэн үг.
-АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД АЙМАГ, ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООНДОО ТАЛЦАН, АЖИЛЛАХ БОЛЖЭЭ-
Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд гишүүдийнхээ тоогоор аль фракц илүү жин дарах вэ гэсэн дотоод өрсөлдөөн аль хэдийн эхэлсэн байна. Тухайлбал, нийслэлийн есөн дүүрэгт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нөлөөгөө тогтоохоор талцан ажиллаж эхэлж.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн АН-ын хороог УИХ-ын гишүүн Х.Болормаа хариуцаж, өөрийн хүмүүсээ ҮБХ-ны гишүүн болгохоор зүтгэж байгаа бөгөөд хадам ах Д.Баттулгатайгаа ч “ам зөрөөд” байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүрэгт АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нар хамтарч байгаа бол тэдэнтэй УИХ-ын гишүүн Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракц хүч сорьж эхэлжээ. Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Б.Түвшин идэвхтэй ажиллаж эхэлсэн бол нөгөө талд нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, дүүргийн АН-ын хорооны дарга н.Мөнхбаатар нар өрсөлдөж байна.
Харин Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн тэргүүлдэг “Од” фракц НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тэргүүтэй МоАХ-ынхонтой тулж байгаа бол Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн эсрэг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай нийлжээ.
Баянголын “эзэн” хэмээдэг С.Эрдэнийн нөлөө суларч эхэлсэн энэ үед хөдөөгөөс парламентад сонгогдсон Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар Баянгол дүүргийг тойгдож эхэлсэн гэнэ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт удаан ажиллаж, их ч мөнгөө цацсан УИХ-ын гишүүн Г.Очирбат тус дүүргээсээ шилжин, Багануур, Багахангай чиглэлд ажиллаж эхэлжээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн АН-ын хороог, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Дархан-Уул аймгийн АН-ын хороог, УИХ-ын гишүүн Д.Батбаяр Сэлэнгэ аймгийн АН-ын хороонд “эзэн суух” зэргээр АН-ын фракцууд Үндэсний бодлогын хороондоо илүү олон төлөөлөлтэй болохын тулд ширүүн өрсөлдөж эхэлжээ.
-АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ҮБХ-НД ОЛОН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ФРАКЦ ТОДРУУЛНА-
АН-ын Үндэсний бодлогын хороонд аль фракц олон суудал авч, жин дарж чадна, тэр хэмжээгээр намын Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах, цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын нэр дэвшигчийг шийдэх эрх мэдэл төвлөрөхөөр байна. Өөрөөр хэлбэл, ҮБХ дахь суудлын тоо бол АН доторх дараагийн том тоглолтуудын гол хөзөр болж хувирна. Ирэх сарын 16 /2026.03.16/-ны өдөр тодрох АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн анхны хурал дөрөвдүгээр сарын 07 /2026.04.07/-ны өдөр буюу “Ардчилсан нам байгуулагдсан” 36 жилийн ойн өдөр болж, улмаар тус хурлаараа Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож, батламжлахаар болжээ.
Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддоржийг “сойж” байгаа бол өдгөө генсекийн үүрэг гүйцэтгэж буй Д.Амарбаясгалан Хөвсгөл аймгийн АН-ын хорооны даргад өрсөлдөх магадлалтай аж. Мөн УИХ-ын гишүүн Ц.Тувааны нарын “Нэг монгол” фракцаас н.Мөнхболор гэх залууг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх төлөвтэй байгаа бол Х.Баттулгын МоАХ фракц П.Нүрзэдийг тус албан тушаалд дэвшүүлэх гэнэ. Харин Од, МҮДН зэрэг олон фракцууд нийлж, С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж магадгүй гэсэн яриа ч тус намын гишүүд дотор яригдаж байгаа бол С.Эрдэнийн Ардчилсан хүчний холбооноос А.Цэрэнбат нэр дэвшиж магадгүй гэх яриа ч гарчээ.
Нөгөөтэй, “дур эзнээ голохгүй” гэгчээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэх болсон Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өөр, өөрийн хүнээ нэр дэвшүүлээд, өвдөг шороодож магадгүй юм. Учир нь генсек хэн болох нь ирэх сонгуулийн стратеги, нэр дэвшигчийн хувь заяанд магадгүй шууд нөлөөлнө.
Эцсийн дүндээ АН-ын Үндэсний бодлогын хороонд аль фракц олон суудал авч, давуу байр суурь эзлэхээс шалтгаалж Ерөнхий нарийн бичгийн дарга тодрох магадлал өндөр байна. Харин ҮБХ-ны гишүүнд горилогчдын “дэнчин” олон арван сая төгрөгт хүрсэн гэх яриа ч тус нам дотор гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр “баталгаатай” сонгогдохын тулд горилогч хоёр талд хоёуланд багагүй мөнгө өгөх болоод байгаа гэнэ. Энэ талаар бид дараа баримттайгаар дэлгэрэнгүй хүргэх болно.