Сар шинийн баяр, бага насны гэгээн дурсамж, урлагт хөл тавьсан замнал, цахим орчноос эхэлсэн шинэ боломжуудын талаар жүжигчин, дуучин Б.Төрмөнх буюу Түжүтэй ярилцлаа. Тэрбээр МУАЖ Жагдамбын Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчний мэргэжлээр төгсөж, хүүхдийн урлагийн тайзнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн нэгэн юм.Харин өдгөө түүний тунгалаг нарийн хоолойгоор нь хэн бүхэн мэдэх болсон билээ.
ВИДЕО:
Б.Төрмөнх /Түжүү/: Б.Баярцэцэг эгчийн “Нутгаа санасан дуу”-г коверлож дуулсан нь олон нийтэд намайг таниулж, дуучин болох мөрөөдөл маань биелж эхэлсэн
— iSee.mn (@iSee_MN) February 22, 2026
УНШИХ: https://t.co/gHM3c57GhV pic.twitter.com/5dLbhzse6w
– Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?
– Сайн байцгаана уу. Намайг Төрмөнх гэдэг. Харин уран бүтээлийн нэр маань Түжү. Би МУАЖ Жагдамбын Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчний мэргэжлээр төгссөн, жүжигчин, дуучин хүн. Багадаа би өөрийгөө жинхэнэ нэрээ Түжү л гэж боддог байсан. Сургуульд ороод багш Төрмөнх гэж дуудахад хүртэл нэг л сонин санагддаг байлаа. Найз нөхөд, гэр бүлийнхэн маань одоо ч Түжү гэж дууддаг. Тиймээс уран бүтээлийн нэрээ ч тэр чигээр нь байлгахаар шийдсэн.
– Урлагт хэрхэн хөл тавьсан бэ?
– Бага байхад зурагтаар Орос, Хятад, Европын олон кино гарна. Тэр кинонуудын дууг хэл мэдэхгүй хэрнээ цээжилчихсэн, аав ээж, эмээ өвөөдөө дуулж өгдөг хүүхэд байлаа. Дуулах дуртайг минь дууны багш анзаарсан. Харин нэг багш маань жүжиглэх авьяасыг харж, дугуйланд оруулсан. Ингээд дуу, жүжиг хоёрыг хослуулж явсаар 10-р ангиа төгсөхдөө мэргэжлээ сонгох дээр нэлээд эргэлзсэн ч эцэст нь жүжигчний мэргэжлийг сонгосон. Төгсөөд Үндэсний телевизэд хоёр, гурван жил хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн. Дараа нь Бамбуу Хүүхэд, Залуучуудын театрт долоо, найман жил ажилласан. Тэндээсээ “Би хүүхдийн урлагаар явах ёстой юм байна” гэдгээ илүү ойлгосон доо.

– Олон нийтэд илүү танигдсан үе тань хэзээнээс эхэлсэн бэ?
– 2022 онд “The Voice of Mongolia” шоунд оролцсон. Тэр үеэс хүмүүс “Дуулдаг хүүхэд байдаг юм байна” гэж мэддэг болсон. Театрыг маань ч илүү анзаардаг болсон. Дараа нь найзуудтайгаа зүгээр л хобби маягаар гадаа дуулж байгаад нэг өдөр бичлэгээ Instagram-д оруулчихсан. Өглөө сэрэхэд мэдэгдэл дүүрэн. Тэр бичлэг нь дуучин Баярцэцэг эгчийн “Нутгаа санасан сэтгэл” дуу байсан. Тэр үеэс цахим орчинд миний уран бүтээл илүү хүрч эхэлсэн. Удалгүй “My Voice” шоунд оролцож, “Шүрэн бугуйвч” киноны дууг дуулсан бичлэг маань ч мөн олон хүнд хүрсэн.
– Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
– Одоогоор Яруу Арт продакшнд харьяалагдаж, шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллаж байна. 2025 он миний хувьд их хөдөлгөөнтэй жил боллоо. Тэмцээн уралдаан, шинэ студитэй гэрээ, хэд хэдэн уран бүтээл хийсэн. 2026 онд уран бүтээлийнхээ тоог нэмэгдүүлж, өөрийн гэсэн дуунуудаа илүү олон тайз, орон зайд дуулах зорилготой байна.

– Сар шинийн баяр таны хувьд ямар утга учиртай вэ?
– Цагаан сар бол миний хувьд хамгийн чухал баяруудын нэг. Энэ бол бидний өв соёл. Гаднаас орж ирсэн баярууд олон байдаг ч Цагаан сар бол заавал тэмдэглэх ёстой баяр. Багадаа Буратино малгай моодонд орж, урт малгайдаа бэлгээ чихчихээд даахгүй мөртлөө дараагийн айл руу гүйдэг хүүхэд байлаа. Тэр үнэхээр гоё дурсамж. Миний эмээ, өвөө Дарханд амьдардаг. Жил бүр очиж золгодог. Өвөө маань шинийн нэгний өглөө биднийг эрт сэрээгээд “мөр гаргах”-ыг зааж өгнө. Аль зүгт, яаж гарахыг бичиж өгч, бид яг зааснаар нь гарна. Нар мандахыг харж байгаад золголтоо эхлүүлдэг уламжлалтай. Тэр мөчүүд надад маш нандин.
– Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
– Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эмээ өвөө, аав ээж дээрээ очиж золгож байгаарай. Нутагтаа удаан очоогүй бол Цагаан сараар ядаж нэг удаа зориод очоорой. Мөн уран бүтээлчдээ дэмжиж байгаарай. Шинэ дуу, бүтээл гарвал хуваалцаж, шэйр хийж өгөх нь бидэнд маш том дэмжлэг болдог. Нэгэн цагт “Түжү” гэдэг нэрээрээ өөрийгөө мэддэг байсан жаахан хүү одоо уран бүтээлээ хийж, мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлмөрлөж явна. Та бүхний дэмжлэг хамгийн том урам шүү.
-Ярилцсанд баярлалаа.