"Хилийн зурваст 34 мянган га газар олгосон" асуудалд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын хүмүүсийг дараах үндэслэлээр шалгаж магадгүй байна

"Хилийн зурваст 34 мянган га газар олгосон" асуудалд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын хүмүүсийг дараах үндэслэлээр шалгаж магадгүй байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газар Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34 мянган га газрыг олгож, хувийн компанид давуу байдал олгосон гэх маш ноцтой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ сарын 11-ний /2026.02.11/ өдөр хийсэн. 

ВИДЕО: 

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хилийн зурвас газарт 34 мянган га газрыг хууль зөрчиж олгосон, ингэхдээ "Смарт Эко Транс" компанид хилийн зурвас газрыг хугацаагүйгээр бараг өмч болгон өгч, мөн тус компанид төрийн өмчийн 19 км авто замыг хууль зөрчин эзэмшүүлж байсан зэрэг мэдээллийг хийж, улмаар уг асуудлыг шалгуулахаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт холбогдох баримт материалыг шилжүүлсэн байдаг.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор улс төрд нөлөө бүхий нэлээд олон хүнийг хуулийн байгууллагаас шалгаж магадгүй байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.Одонтуяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан асан Х.Нэхийт нарын нэр бүхий хүмүүсийг дараах үндэслэлээр шалгаж магадгүй байна. 

Тухайлбал, 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг:

  • Засгийн газрын 2022 оны 95 дугаар тогтоолоор анх зөвхөн автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор шийдвэр гаргаж, эрх олгосон боловч тус гарцаар жолоочтой ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх эрхийг “Смарт Эко Транс” ХХК-д олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон.
  • Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны (Засгийн газар огцохоос 4 өдрийн өмнө) өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болох “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг огт хэлэлцэлгүй, шууд алх цохиж, шийдвэр гаргасан.
  • Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо нь үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой асуудлыг ҮАБЗ-д танилцуулалгүйгээр 2025 оны 262 дугаар тогтоолыг баталсан.

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулгыг:

  • "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХК байгуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, батлуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга өөртөө эрх олгож, Засгийн газрын 2025 оны 71 дүгээр тогтоол гаргуулж, шийдвэрлэсэн.
  • Боомтын сэргэлтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд нэр дурдсан боомт орчмын, стратегийн дэд бүтэц бүхий, дэд бүтэц хөгжих боломжтой өндөр ач холбогдол бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг нарийвчлан тогтоох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхийг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга мөн өөртөө эрх олгож, Засгийн газрын 2025 оны 262 дугаар тогтоол гаргуулж, шийдвэрлүүлсэн. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг: 

  • Автомат удирдлагатай, чингэлэг тээврийн терминал байгуулах тухай тогтоолыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Концессын тухай хуулийн дагуу гаргах байсан ч ТЕГ-ын 1117 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн “ТБОНӨХБАҮХАТ” хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр "Смарт Эко Транс" ХХК-тай шууд гэрээ байгуулж, давуу байдал олгосон.

ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгаланг:

  • Тогтоолын төслийг “Хянагдаагүй материал” гэсэн тэмдэглэлтэй ЗГХЭГ-аас материал буцаах тухай албан бичгийг төлөвлөсөн ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гарын үсэг зуралгүй тухайн өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн.
  • Тогтоолын төсөл тухайн өдрийн Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй байхад нэмэлтээр оруулсан.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Одонтуяа:

  • Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, эрх олгоогүй этгээд болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан асан Х.Нэхийт:  

Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын нарын захирамжуудаар төрийн эзэмшлийн 19.2 км сайжруулсан шороон замыг Авто замын тухай хуулийг зөрчиж, “Смарт Эко Транс” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг үндэслэлээр шалгаж магадгүй байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө