Монгол Улсад JETRO-ийн төлөөлөгчийн газар нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ

Монгол Улсад JETRO-ийн төлөөлөгчийн газар нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ

Ерөнхий сайд Н.Учрал Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO) болон Японы бизнесийн төлөөлөл компаниудтай уулзаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улсад JETRO-ийн төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ.

JETRO Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээснээр Японы компаниудыг Монголд хөрөнгө оруулахад холбох, Монголын компаниудыг Японы зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, хоёр улсын компаниудад бизнесийн түнш олоход зуучлах боломж бүрдэх юм. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын бодит төслүүдийг урагшлуулах, хоёр орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг харилцан холбох гүүр болох ач холбогдолтой байна.

JETRO нь Японы компаниудыг гадаадын зах зээлд гарахад дэмжихийн зэрэгцээ гадаадын компаниудыг Японд хөрөнгө оруулахад зуучлах, зах зээл, татвар, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчны судалгаа хийх, бизнес форум болон B2B уулзалт зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.