Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.09.30/ өргөн мэдүүллээ.

Монголбанкны шинэ удирдлагын баг өмнөх жилүүдийн бодлогын хэрэгжилт, сургамжид тулгуурлан Төв банкны дунд хугацааны зорилт, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, 2026–2030 оны стратегийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан боловсруулсан 2027 оны Үндсэн чиглэл нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Төв банкны засаглал, хараат бус байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. 

Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд  инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангахад зорьж байна.  Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд хяналт шалгалтын зохицуулалтыг Базелын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг нэвтрүүлэх, актив удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр тусгалаа. Түүнчлэн гадаадын банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чанаргүй активын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. 

Мөн цахим залилан, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарын мэдээллийг шуурхай ашиглаж, технологийн шийдэлд тулгуурлан эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг нэмэгдүүлнэ. Төлбөрийн системийн хүртээмж, үр ашиг, найдвартай байдлыг сайжруулахад мөн анхаарна. Монголбанк 2027 онд эдгээр бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ институтийн хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлж, технологид суурилсан Төв банкны тогтолцоонд үе шаттай шилжих замаар “Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан Төв банк” болох дунд хугацааны зорилтоо хэрэгжүүлэхээр тусгалаа.