Хөвсгөл нуурын мөсөн дээр хөдөлгөөн үйлдэж байсан автомашин хар хил рүү цөмөрч оржээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах /4-р баг/ Хилтийн Хилт гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 160км, Хатгал тосгоноос 50км/-т Цагааннуур сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээр хөдөлгөөн үйлдэж байсан Фургон загварын автомашин Хөвсгөл далайн хар хил рүү баруун талаараа цөмөрч орсон гэх дуудлагыг 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан байна.
Тус дуудлагаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байгаа аж. Тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан дөрвөн иргэнийг автомашинаас эсэн мэнд гарсан байна. Иймд иргэн та бүхэн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.