Монгол Улс нь палеонтологийн олдворын баялгаараа дэлхийд дээгүүрт ордог орон билээ. Монголын Говийн бүсээс одоогоос 70-80 сая жилийн өмнөх үед амьдарч байсан махан болон өвсөн тэжээлтэн, үлэг гүрвэлийн өндөг, үүр, ховор чулуужсан яс зэрэг дэлхийд ховор олдворууд олддог. Дэлхийн аялагчид нэгдүгээрт Чингис хааны түүхийг сонирхож ирдэг бол, хоёрдугаарт үлэг гүрвэлийн нутгаар аялах гэж ирдэг байна.
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр Монгол Улсаас хууль бусаар хил дамнасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн "Тарбозавр батаар"-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг 20 жилийн дараа Бүгд Найрамдах Франц Улсаас амжилттай эргүүлэн энэ сарын 11-нд авчирсан байдаг.

-ПАЛЕОНТОЛОГИЙН ОЛДВОР БҮХИЙ ГАЗАРТ ХУУЛЬ БУСААР МАЛТЛАГА ХИЙХ НЬ ГЭМТ ХЭРЭГ-
2006 онд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Т тэргүүтэй найман этгээд ямар нэгэн хайгуул, малтлага хийх зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын төлөө үлэг гүрвэлийн олдворын хайгуулын ажлаа эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь тэдний энэхүү хууль бус ажил үр дүнд хүрч Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогддог "Тарбозавр батаар"-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг матлагын явцад олсон байдаг.

Магадгүй тэдний хувьд олсон даруйдаа хариуцсан байгууллагад мэдэгдэж, хууль ёсны дагуу малтлагын ажлаа хийсэн бол өнөөдөр Монгол Улсын палеонтологийн ховор олдвор нээн илрүүлсэн хэмээн түүхэнд үлдэх байлаа. Гэвч тэд “Мөнгө улаан, нүд цагаан” гэгчээр энэхүү ховор олдворыг зөвхөн ашиг, хонжоо гэж харсан нь харамсалтай.

-ОЛДВОРЫГ ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ ҮЙЛДЭЖ, ХИЛЭЭР ГАРГАСАН ХЭРЭГТ НАЙМАН МОНГОЛ, ДӨРВӨН ГАДААД ЭТГЭЭД ШАЛГАГДАЖ БАЙНА-
Тус найман этгээдийн хувьд үлэг гүрвэлийн олдвороо олсон даруйдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, гаальд худал мэдээлснээр гадаад улсад ашиг олох зорилгоор зарсан байдаг. Тус олдворууд хилээр гарснаас хойш 10 орчим жил сураг ажиггүй байжээ. Гэвч дэлхийд ховорт тооцогдох энэхүү олдворын хувьд хүний нүднээс далд тийм ч удаан хадгалагдаагүй юм. Монголын хилээр гарснаас хойш ямар замыг туулж, хэдэн төгрөгийн үнэ хүрж Франц улсад очсоныг одоогоор тогтоогоогүй байгаа ч Франц Улсад тус олдворыг хураан авсан байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны үеэр гадаад улсын дөрвөн иргэн тухайн хэрэгт холбогдож байжээ.

Ташрамд дурдахад, тус хэрэгт цагдаагийн байгууллагаас тус найман этгээдэд Эрүүгийн хуулийн 25.5 зүйл болон 18.5 зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйл. Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх
- Гурав дахь хэсэг. Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
- Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
